
АНУ-ын Лос Анжелес хотод Америкийн Цагаачлалын алба хууль бус цагаачдыг олноор нь баривчилж буйг эсэргүүцсэн иргэд хоёр дахь өдөр дараалан жагсаал цуглаан зохион байгуулж буйтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Лос-Анжелес хотод Үндэсний гвардийн 2000 албан хаагчийг тараан байршуулахаар болжээ.
Өнгөрсөн баасан гарагт Америкийн Цагаачлалын алба Лос Анжелес хотод хууль бус цагаачдыг баривчлах ажиллагаа явуулсны үр дүнд багадаа 44 хүнийг баривчилжээ. Хууль сахиулагчдын уг ажиллагааг эсэргүүцсэн иргэд хууль бус цагаачдыг саатуулах байр луу тээвэрлэхээр явж байсан автобусны замыг хааж, цагаачлалын албаны ажилтнууд руу чулуу шидэж, цагаачдыг тайван орхихыг шаарджээ. Хууль сахиулагчид жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэж, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Калифорни мужийн Лос Анжелес хотод 3.6 сая цагаачид амьдардаг бөгөөд тэдгээрийн багагүй хувь нь тус хотод албан ёсны бичиг баримтгүй ажиллаж амьдардаг аж. Ерөнхийлөгч Д. Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр цагаачлалын асуудалд онцгой ач холбогдол өгч, АНУ-д ажиллаж амьдарч буй олон тооны хууль бус цагаачдыг баривчилж, албадан гаргахаа амласан билээ. Цагаан ордны зүгээс Америкийн Цагаачлалын албанд өдөрт багадаа 3000 хууль бус цагаачдыг баривчлахыг үүрэг болгосон ч уг баривчилгаанд нь байнгын оршин суугчийн статустай иргэд олноороо өртөж байгаа нь асуудал дагуулаад байгаа юм.