
Хятадын Коммунист намын томилсон Банчин богд Гялцэн Норбу өнгөрсөн баасан гарагт Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзжээ. 1995 онд Буддын шашны тэргүүн Далай ламын эсэргүүцлийг үл харгалзан Бээжин Гялцэн Норбуг Түвдийн шарын шашны хоёр дахь том удирдагч Банчин богдоор томилсон юм. Синьхуа агентлагийн мэдээлснээр Хятадын төрийн тэргүүнтэй хийсэн уулзалтынхаа үеэр Гялцэн Норбу үндэстний эв нэгдлийг сурталчилж, шарын шашныг системтэйгээр “хятаджуулах” явдалд хувь нэмэр оруулахаа амлажээ. Түүнчлэн тэрээр Ерөнхийлөгч Си Жиньпиний сургаалыг үргэлж санаж, Коммунист намын удирдлагыг тууштай дэмжиж, үндэсний эв нэгдэл, ашиг сонирхлыг чанд хамгаална гэжээ. Ерөнхийлөгч Си Жиньпиний зүгээс Гялцэн Норбуд Төвөдийн Буддизмын эх оронч үзэл, шашны уламжлалыг үргэлжлүүлж, хятад үндэстний эв нэгдэлд хувь нэмрээ оруулахыг үүрэг болгожээ. Си Жиньпин, Гялцэн Норбу нарын уулзалт XIV Далай ламын томилсон XI Банчин богд Гэндэн Чоки Нямаа 30 жилийн өмнө сураггүй алга болсон өдөртэй давхацжээ. 1989 онд X Банчин богд өөд болсны дараа XIV Далай лам 6 настай түвд хүүг X Банчин богдын хойд дүрээр тодруулсан ч үүнээс 3 өдрийн дараа хүү гэр бүлийнхнийхээ хамт сураггүй алга болсон юм. Вашингтон хүү алга болж, одоог хүртэл сураггүй байгаа нь Хятадын Коммунист намтай холбоотой гэж үздэг ба АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сүүлд хийсэн мэдэгдэлдээ Бээжингээс Гэндэн Чоки Нямааг даруй суллаж, шашны итгэл үнэмшлээс нь болж түвдүүдийг хяхан хавчихаа зогсоохыг шаарджээ. Бээжингийн хувьд шарын шашны том хутагтуудын нэг Банчин богдоор өөрийн хүнээ томилсон нь Буддын шашны дараагийн тэргүүн XV Далай ламаар мөн өөрийн хүнээ томилох замаа засаж буй явдал гэж ажиглагчид үзэж байгаа аж. XIV Далай лам олон арван жилийн турш Түвдийн тусгаар тогтнолыг дэмжиж ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Бээжин Далай ламыг “салан тусгаарлагч, ламын орхимж нөмөрсөн чоно” хэмээн тодорхойлсон удаа ч бий. Нобелийн Энх тайвны шагналыг хүртэж байсан XIV Далай лам энэ оны 7-р сард өөрийн хойд дүрийн тухай мэдээлэх болно хэмээн мэдэгдэж, сүүлд гаргасан “Voice for Voiceless” номдоо хойд дүр нь “эрх чөлөөтэй улсаас тодорно” гэж бичсэн байсан юм. Үүгээрээ тэрээр Далай ламын хойд дүр БНХАУ-аас тодрохгүй гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: CNN