
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээ ард иргэдийн бухимдлыг төрүүлж, түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан иргэдийн жагсаал, цуглаан өрнөж буйтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их Хуралд, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай төслийг өргөн барихаар төлөвлөж буй талаар The Guardian онцоллоо .
Нийтлэлд, “1992 оноос хойш ардчилалд хөл тавьсан, Орос, Хятад хоёр хүчирхэг гүрний дунд хавчуулагдсан байгалийн нөөцөөр баялаг тус улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн хүүгийн сүйт бүсгүй найз залуугийнхаа бэлэглэсэн үнэтэй, тансаг брэндүүдийн хувцас, цүнх, үнэт эдлэл, Mercedes Benz машин зэргийг Instagram нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь олны анхааралд өртжээ. Төрийн албан хаагчийн гэр бүл орлогоосоо хэтэрсэн тансаг хэрэглээтэй байгаа нь олны уур бухимдлыг төрүүлж, Ерөнхий сайд болон түүнийг хүүг орлогоо нотолж, албан тушаалаасаа огцрохыг шаардсан залуусын жагсаал Улаанбаатар хотын төв талбайд тасралтгүй 10 гаруй хоног үргэлжилж байна. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өөрийгөө ард иргэдийнхээ хамт Монгол улсын байгалийн нөөцийн ордуудыг эзэмшдэг цөөн тооны олигархуудын эсрэг тэмцэгч хэмээн өргөмжилж байсан нь саяхан билээ.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн ойрын эх сурвалжуудын мэдээлснээр Л. Оюун-Эрдэнэ энэ мягмар гарагт УИХ-д түүнд итгэл үзүүлэх тухай төслийг өргөн барих ба энэ асуудлаар ирэх долоо хоногт УИХ санал хураалтаа явуулах аж.
Тэрээр өөрийнхөө орлогыг нотлоход бэлэн гэдгээ илэрхийлэхээс өөр ямар ч тайлбар мэдэгдэл хийгээгүй хэвээр байна. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг огцруулах цахим өргөдөлд гарын үсгээ зурсан хүмүүсийн тоо 59 мянгыг даваад байгаа ба иргэд түүнийг баян ядуугийн ялгаа, эрх тэгш бус байдал улам нэмэгдэж, инфляцын түвшин өсөж, хэвлэлийн эрх чөлөө буурсан явдалд буруутгаж байна.
Монголын засгийн газрын эх сурвалжуудын үзэж байгаагаар Монгол улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн дэмжигчид Л. Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээ ил болсон явдлыг ашиглан У. Хүрэлсүхийг ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдүүлж, эрх мэдлийг нь нэмэгдүүлэхэд ашиглаж байгаа аж.
Монгол ардын нам өнгөрсөн парламентын сонгуулиар 126 мандатаас 68-ыг нь авснаар Л. Оюун-Эрдэнэ дахин Ерөнхий сайдаар томилогдсон юм. Монгол ардын нам дангаараа засаглахын оронд Ардын нам болон ХҮН намтай эвссэн ч залуусын эсэргүүцлийн жагсаалыг Ардчилсан намын зарим гишүүд дэмжиж гарын үсгээ зурснаар Монгол Ардын нам бага хурлаа зарлаж, Ардчилсан намыг эвслээсээ гаргах шийдвэр гаргажээ” гэсэн байна.
Эх сурвалж: The Guardian