
“Огцрох амархан” жагсаалд оролцож байгаа эдийн засагч Ц.Лут-Очирын биед нь үл таних гурван этгээд халдсан тухай мэдээллийг тэрбээр цахим орчинд нийтэлсэн. Бид түүнтэй уулзаж, тодруулга мэдээлэл авлаа.
-Тэр орой яг юу болсон талаар бидэнд ярьж өгөөч?
-Тавдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө байсан. Би нэг найзтайгаа уулзаад 01.30 цагийн үед гэрийнхээ үүдэнд ирсэн юм. Орцны үүдэнд гурван залуу зогсож байсан. Мотоциклоо тавиад буух гэтэл “Чи наанаа тавьж болохгүй, холдуул. Бид нар мотоциклоо тавих гэж байгаа юм” хэмээн агсарсан. “Би энд байранд амьдардаг хүн. Байнга энд тавьдаг” гэж хэлээд гэр рүү орох гэтэл орцны хаалга хөндөлсөж зогсоод, гурвуул нийлж байгаад надад гар хүрсэн. Би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэсэн ч чадаагүй. Утас маань газар уначихсан. Утсаа шүүрч аваад зугтсан. Хашлага даваад зугтаж байхдаа “Туслаарай” гэж хашхиртал аз болж эсрэг байрнаас нэг хүн “Хөөе юу болоод байна” гэж хашхираад, шүгэлдсэн. Нөгөө залуус ч зугтаад алга болсон. Халдлагад өртлөө, зодууллаа гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл 20 гаруй минутын дараа цагдаа ирсэн. Ирчхээд “Та ажлын цагаар БГД-ийн нэгдүгээр хэлтэс дээр очиж гомдлоо өгөөрэй” гээд явсан. Удалгүй надад “Таны дуудлага гэмт хэрэг зөрчлийн шинжгүй байна” гэсэн.
Тэгээд маргааш өглөө нь би цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр өөрийн биеэр очоод болсон явдлаа ярьсан. Ямартай ч хэрэг зөрчил нээгээд явж байгаа. Би өөрөө цагдаагийн байгууллага дээр бас мэдүүлгээ өгч, үзлэгт орсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байна. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир залуучуудыг олчих байх.
-Засгийн газрыг огцрохыг шаардан жагсаж буйтай энэ үйл явдлыг холбоотой гэж та хардаж байна уу?
-Би чинь Сүхбаатарын талбай дээр Засгийн газрыг огцор гэж гарч жагсаад, 39 хоног болж буй хүн. Монгол Улсын Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа гэрээ хэлцлүүд нь улсын эрх ашигт нийцэхгүй байна. Улсынхаа эрх ашгаас урвачихлаа гэж үзэж буй учир Засгийн газрыг огцор гэж шаардаад зогсож байна. Хөшигийн хөндийн түлшний хангамж дээр ‘Роснефть” компанитай 20 жил гэрээ гэрээ байгуулах асуудал дээр л би тэсвэр алдаад гарч ирсэн. Тэгээд энэ Евроазийн холбоонд элсэнэ гэж байна. Байгалийн баялгаа одоо бартераар Хятадын компанид өгчихье гэсэн санаачилга гаргаад явж байгаа Засгийн газрыг Улсынхаа эрх ашгаас урвасан байна аа” гэж үзээд байгаа юм. Харин сүүлд Ерөнхий сайдын Хөрөнгө орлогынх нь мэдүүлгээс давсан хүү, бэрийнх нь тансаглалын асуудал дэгдээд, залуус гарч ирлээ, талбайд. Авлигатай тэмцэнэ гэж гарч ирсэн Ерөнхий сайд маань өөрөө авлигын маш том кэйс болчхоод явж байна. Орлогоо нотлохгүй, ёс зүйн хариуцлага хүлээхгүй ингээд суугаад байгаа нь ер зохимжгүй байгаа юм.
-“Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулж буй залуусыг хүн дагасан гэх. Энэ үйл явдалтай таны биед хэн нэгэн халдсан явдал давхардсан нь сонин санагдсан юм…
-Засгийн газрын эсрэг тэмцээд явж байгаа залуусыг нэг, нэгээр нь залхаан цээрлүүлж, шантраах, тэмцлээс гаргах, дарамтлах ажиллагаа яваад байна шүү дээ.
-Та одоо хамгаалалт хүсэх үү?
-Үгүй ээ. Одоо олон нийтийн дунд байх маань л бие хамгаалалт юм байна. Учир нь энэ хамгийн их эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн эсрэг би тэмцэж байна. Энэ чинь ерөөсөө хууль сахиулах байгууллага, хууль тогтоох байгууллагатай хамтарсан маш том эрх мэдэлтэй хүмүүс чинь бид нарын эсрэг хөдлөөд байна шүү дээ. Тэгэхээр би олон нийтийн дунд байж хамгаалалтад орох юм байна. Орой үдэш ч ер нь ганцаараа явахаа больё. Найз нөхөдтэйгөө л цуг явж байя гэж бодож байна.
Мөн ХЭҮК над руу холбогдсон. Та хэрэв гомдол гаргавал бид хойноос нь явъя гэсэн.
-Төв талбай дээр жагсаж байсан залуусыг яагаад Ялалтын талбай руу “нүүлгэчхэв”?
-Залуучууд жагсаал хийнэ гэхээр “Тэнд ч болохгүй, энд ч болохгүй. Дипломат арга хэмжээ болно. Та нар энэ Ялалтын талбай руу яв” гэсэн. Өчигдөр /2025.05.25/ залуус энд зогссон. Өнөөдөр ч бас энд зогсоно. Гэтэл өөр бүлэг хүмүүс “УИХ тар” гээд Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа нь гайхаш төрүүлж байна.
Эрх чөлөөнийхөө төлөө мөн энэ дарангуйллын системийн төлөө тэмцэж байгаа хүмүүсийгээ дэмжиж гарч ирээрэй. Тэгэхгүй бол дарангуйллын систем биднийг нэг, нэгээр нь дараад явж байна шүү дээ. Хувийн компаниудыг ч гэсэн яасан их мөнгөтэй, яасан их лицензтэй, яасан баян юм гээд дарамтлаад, нэг, нэгээр нь өмчийг нь хурааж байна. Энэ чинь төрийн социализм. Төр одоо бүгдийг шийддэг, дарангуйлдаг. Бизнес эрхлэгчид нь төрөөсөө мөнгө гуйдаг, тендерт оролцохын тулд амаа “хамхиулдаг”. Ийм л төрийн дарангуйлал руу бид нар яваад байна. Үүнийг л эсэргүүцэцгээе.