
“Формула-1”-ийн нисгэгч Михаэл Шумахерын 2001 онд Унгар болон Монакогийн гран-прид ялалт байгуулж, “Формула-1” уралдааны аварга болохдоо унаж байсан уралдааны машин дуудлага худалдаагаар 15.98 сая еврогоор зарагджээ.
М. Шумахерын Ferrari F2001 уралдааны машин нь энэ сарын 24-нд Монакод болсон RM Sotheby’s дуудлага худалдаагаар орсон байна. Дуудах анхны үнэ нь 8 сая еврогоос эхэлсэн уг машины төлөөх өрсөлдөөн ширүүн явагдсан ба өмнө нь дуудлага худалдаагаар зарагдаж байсан М. Шумахерын автомашинуудаас хамгийн өндөр үнэд хүрсэн нь болж байгаа аж.
“Формула-1” уралдааны 7 удаагийн аварга М. Шумахер 2013 онд Францын Альпийн нуруунд цанаар гулгаж байхдаа тархины хүнд гэмтэл авч, түүнээс хойш олон нийтийн өмнө гараагүй билээ. 56 настай М. Шумахерийн гэр бүл, ойр дотнынхон нь ч түүний хувийн амьдралыг маш чанд нууцалдаг юм.