
Өнгөрсөн ням гарагийн шөнө ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэрт 300 дрон, 70 пуужингийн цохилт үзүүлжээ. Оросын агаарын цохилтод Украины нийслэл Киев, Житомир, Хмелницк, Тернопольск, Днепропетровск, Николаев, Одесс, Харьков, Чернигов, Черкас, Сумы, Полтав, Киев мужууд өртсөн байна.
Киев хотод Оросын агаарын цохилтод дотуур байр болон олон давхар орон сууцны барилгууд, амины орон сууц өртөж, 11 хүн шархаджээ.
Киев мужид 4 хүн амь үрэгдэж, 16 хүн тэр дундаа 3 хүүхэд шархадсан байна.
Житомир мужийн Коростышев хотод амьдардаг 8, 12 болон 17 насны нэг гэр бүлийн 3 хүүхэд амиа алдсан бол Хмельницк мужид амины 20 гаруй орон сууц агаарын цохилтод өртөн, 4 хүн амь үрэгдэж, 5 хүн шархаджээ.
Николаев мужид Оросын дрон 5 давхар орон сууцыг оножээ. Аврагчид тус орон сууцны нуранги доороос 1948 онд төрсөн эрэгтэй хүний цогцсыг гаргажээ.
Тернопольск мужид далавчит пуужин үйлдвэрийн барилгыг оносны улмаас 1000 м² талбайг хамарсан гал гарсан бол Одессад Оросын агаарын цохилтын улмаас орон сууцны хорооллын зогсоол дээр байсан 20 автомашин шатжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын зэвсэгт хүчин Украины хотуудад санаатайгаар цохилт үзүүлсэн гэж үзэж байгаагаа илэрхийлэн, “Оросын иймэрхүү төрлийн цохилтууд нь ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах хангалттай шалтгаан юм. ОХУ дайныг сунжруулж, өдөр болгон иргэдийг хөнөөж байна. Бусад улс орнууд амралтын өдрүүдээр амардаг байх, гэтэл энд амралтын өдрийг үл харгалзан дайн үргэлжилсээр байна. Үүнийг тоохгүй орхиж болохгүй. АНУ болон бусад улс орнууд үүн дээр дуугүй байснаараа В. Путиныг улам л зоригжуулж байна. Оросын эрх баригчдад хүчтэй бөгөөд бодит дарамт үзүүлэхгүйгээр энэхүү түрэмгийллийг нь зогсоох аргагүй. Хориг арга хэмжээ авах нь зүйтэй.” хэмээн мэдэгджээ.