
Парисын шүүхээс реалити шоуны од Ким Кардашьяныг 2016 онд дээрэмдсэн этгээдүүдэд ял оноожээ. 2016 оны 10-р сард загварын долоо хоногт оролцохоор Парис хотод ирсэн байсан Ким Кардашьяныг зочид буудлынхаа өрөөнд байж байхад нь дээрэмчид өрөөнд нь нэвтэрч, гар хөлийг нь хүлэн, ариун цэврийн өрөөнд түгжиж, өрөөнөөс нь тухайн үед Ким Кардашьяны нөхөр байсан реппэр Канье Уэстын бэлэглэсэн очир эрдэнийн шигтгээтэй бөгж зэрэг 9 сая орчим еврогийн үнэ бүхий үнэт эдлэлүүдийг хулгайлсан юм.
Удалгүй Парисын цагдаа нар уг дээрмийг үйлдсэн хэргээр хэд хэдэн хүнийг баривчилсан билээ.
Ким Кардашьяныг дээрэмдсэн хэргээр 59-70 насны 9 эрэгтэй, 1 эмэгтэй яллагдагчаар татагдсан ба францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдгээр хүмүүст “дээрэмчин өвгөд” гэсэн хоч өгчээ.
Уг дээрмийг зохион байгуулагч гол хүн гэгдэж буй 69 настай Аомар Айт Кедашд шүүх 3 жилийн хорих ял, 5 жилийн тэнсэн харгалзах ял оноосон ч хоригдсон хугацааг нь харгалзан үзэн шүүх хурлын дараа суллажээ.
Бусад яллагдагч нарт харьцангуй хөнгөн ял оноосон ба харин Ким Кардашьяны зочид буудлын өрөөнд байгаа үнэт эдлэлүүдийн мэдээллийг дээрэмчдэд дамжуулсан хоёр этгээдийг цагаатгасан байна.
Шүүгч Давид Де Па ялын тогтоолыг уншиж байхдаа яллагдагч нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэн тэдгээрт хорих ялыг эдлүүлэхгүй байх шийдвэр гаргасан гэжээ. Прокурорын зүгээс яллагдагч нарт 10 хүртэлх жилийн хорих ял оноохыг шаардсан юм.
Яллагдагч нарын зөвхөн хоёр нь уг дээрмийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, харамсаж буйгаа илэрхийлсэн бол хоригдох явцдаа сонсголоо алдаж, ярьж чадахаа болсон Аомар Айт Кедаш өмгөөлөгчөөрөө дамжуулан Ким Кардашьянаас уучлалт гуйжээ.
Ким үүний хариуд, “Би та нарыг уучилж байна. Уучиллаа гээд миний сэтгэлийн шарх үгүй болчихгүй. Хүн бүр хоёр дахь боломжийг эдлэх эрхтэй гэж би итгэдэг.” хэмээн шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: https://people.com/