
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Катарын улсын АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад бэлэглэсэн 400 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн Boeing 747 онгоцыг албан ёсоор хүлээн авсан тухай Пентагон мэдээлжээ.
Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Парнеллийн мэдэгдсэнээр АНУ-ын Батлан хамгаалахын яам Катараас бэлгэнд авсан онгоцыг АНУ-ын Ерөнхийлөгчийг тээвэрлэх зориулалт бүхий онгоц болгохын тулд аюулгүй байдлын болон үйл ажиллагааны зохих арга хэмжээнүүдийг авах болно гэжээ.
Катарын хааны гэр бүл Ерөнхийлөгч Д. Трампад “нисдэг харш” гэгддэг Boeing 747 онгоц бэлэглэсэн тухай мэдээ энэ сарын эхээр гарч эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Д. Трамп иргэд, сөрөг хүчнийхэн төдийгүй өөрийн Бүгд найрамдах намынхаа гишүүдийн шүүмжлэлд өртсөн юм.
Катарын бэлэглэсэн онгоц нь АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоцны стандарт шаардлагад нийцэхгүй байгаа учир тус онгоцыг бүхэлд нь задалж, аюулгүй байдлын болон харилцаа холбооны зохих системүүдийг суурилуулж, дахин угсрах шаардлага гарч байгаа ба үүнд багагүй хугацаа, олон сая ам.доллар шаардагдах аж.