
Өнгөрсөн даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар ОХУ-Украины асуудлаар утсаар ярилцсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хувьд АНУ-ын төрийн тэргүүнээр томилогдсоноосоо хойш ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай гурав дахь удаагаа утсаар ярилцаж буй нь энэ юм. Ерөнхийлөгч В. Путины туслах Юрий Ушаковын мэдээлснээр хоёр улсын төрийн тэргүүнүүдийн яриа нөхөрсөг уур амьсгалтай болж өнгөрсөн ба аль аль нь харилцуураа тавихыг хүсэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрсөн гэжээ.
АНУ-ын төрийн тэргүүнтэй утсаар ярилцсаныхаа дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Нээлттэй бөгөөд өгөөжтэй яриа болж өнгөрлөө. Доналд Трампад шууд яриа хэлэлцээрийг сэргээхэд дэмжлэг үзүүлсэн явдалд нь талархсанаа илэрхийллээ. Д.Трампын хувьд өөрийн байр сууриа илэрхийлсэн. Миний зүгээс ОХУ асуудлыг энхийн замаар шийдэх хүсэлтэй байгааг, ингэхдээ илүү үр дүнтэй арга замуудыг олох хэрэгтэй талаар дурдсан. Талуудын тавьсан шаардлагууд биелэгдсэн тохиолдолд энхийн гэрээний зарчим, огноо, болон галаа тодорхой хугацаагаар зогсоох асуудлуудыг хэлэлцэх болно. Станбулд хийсэн уулзалтын үр дүнд талуудын харилцаа сэргэсэн. Тэгэхээр бид зөв чиглэлд явж байна гэсэн үг юм. Талуудын аль аль нь энхийг тогтоох чин хүсэл эрмэлзэлтэй байж, хэн хэнийхээ сэтгэлд нийцсэн тохиролцоонд хүрэх нь чухал юм. Оросын хувьд зөрчил үүсэх болсон шалтгаануудыг үгүй хийх гэсэн тодорхой байр суурьтай байгаа” хэмээн мэдэгджээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп В. Путинтай утсаар ярилцсаныхаа дараа өөрийн нийгмийн сүлжээнд, “Яриа маш сайхан болж өнгөрлөө. ОХУ, Украин хоёр галаа зогсоож, дайныг дуусгах яриа хэлэлцээгээ даруй эхлүүлнэ. Цус урсгасан энэ дайн дуусахаар ОХУ АНУ-тай худалдаа хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, би ч үүнийг нь дэмжиж байна. Орос улс олон тооны ажлын байр бий болгож, их хэмжээний мөнгө олох боломжтой. Украин улс ч гэсэн улсаа сэргээн босгох явцдаа ашиг олж чадна. В. Путинтай хийсэн ярианыхаа үр дүнг Володимир Зеленский болон европын түнш орнууддаа танилцуулсан. Ватикан улс ОХУ-Украины яриа хэлэлцээ хийх талбар болоход бэлэн гэдгээ илэрхийлсэн” гэжээ.
В.Путинтай утсаар ярилцсаныхаа дараа Д.Трамп Украин, Их Британи, Франц, Герман, Итали болон Финлянд улсын төрийн тэргүүнүүдтэй утсаар холбогдож ярилцсан байна.
ХБНГУ-ын канцлер Фридрих Мерцийн хэлснээр Европын удирдагчид Украиныг дэмжихээ илэрхийлсэн ба хориг арга хэмжээний тусламжтай Москвад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлнэ гэжээ.