
Нийгэм, эдийн засгийн өрхийн судалгааны 2025 оны 1 дүгээр улирлын дүнгээр (2020 оны үнээр илэрхийлэгдсэн) нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.8 сая төгрөг гэж гарчээ. Энэ нь 24 оны мөн үеийнхээс 99.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, цалин хөлсний орлого 52500 төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 17000 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь бодит орлого 5.8 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Мөнгөн орлогын бүтцийг авч үзвэл, 57.4 хувийг цалин хөлс, 22 хувийг тэтгэвэр, тэтгэмж, 7.6 хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого, 5.6 хувийг хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, 7.4 хувийг бусад орлого бүрдүүлжээ. Өрхүүдийг мөнгөн орлогоор нь авч үзэхэд 700000 төгрөгөөс доош орлоготой өрх 82.4 мянга, 700.0-1600000 төгрөгийн орлоготой өрх 239.2 мянга, 1.6- 3 сая төгрөгийн орлоготой өрх 330,6 мянга, 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 352.7 мянга байгаа юм.
Мөнгөн орлогыг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулж үзвэл, 700.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 46. 6мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 8.3 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 20.3 мянгаар, 1.1-1.6 сая төгрөгийн орлоготой өрх 17.1мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 0.6 мянгаар буурчээ. Харин 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 7.6 мянгаар, 3- 4 сая төгрөгийн орлоготой өрх 32.7 мянгаар, 4 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 64.9 мянгаар нэмэгдсэн байна.
Энэ оны эхний улирлын байдлаар сард 700.0 мянган төгрөг хүртэлх орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 70.4 хувийг, 700.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 55.3 хувийг, 1.1- 1.6 сая төгрөгийн орлоготой өрхийн дундаж мөнгөн орлогын 50.9 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлсэн юм.