
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хожуу үеийн хорт хавдраар оношлогджээ. Ж.Байдены хэвлэлийн албанаас мэдээлснээр Ж.Байденд бөөр шээсний замын өвчний шинж тэмдгүүд илэрсэн тул тэрээр эмчид ханджээ. Үзлэг шинжилгээний үр дүнд 82 настай Ж.Байден хурдан явцтай түрүү булчирхайн хорт хавдраар оношлогдсон ба хавдар нь ясанд нь үсэрхийлсэн байжээ.
Түрүү булчирхайн хорт хавдрын явцыг тодорхойлоход ашигладаг Глисоны үнэлгээгээр Ж.Байдены хавдар 10 онооноос есийг авсан байна. Ерөнхийлөгч асан Ж. Байден болон түүний гэр бүлийнхэн эмчийн санал болгосон эмчилгээний хувилбаруудыг хэлэлцэж байгаа ба түүний хувьд хавдар нь хожуу үед оношлогдож, өвчнийх нь явц хурдтай байгаа ч дааврын эмчилгээ үр дүн өгөх магадлал өндөр байгаа юм. Хавдар нь голчлон сүүлийн буюу дөрөвдүгээр шатандаа тархаж, бусад эд эрхтэнд үсэрхийлдэг ба түрүү булчирхайн хавдрын тохиолдлууд ихэнхдээ эрт шатанд оношлогддог аж АНУ-д л гэхэд 2021 онд 236 659 хүн түрүү булчирхайн хавдраар оношлогдсоны 70 хувь нь хавдар нь үсэрхийлэхээс өмнө оношлогджээ.
Ж.Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байх үед түүний бие бялдрын эрүүл мэнд болон оюун санааны байдал олны анхаарлыг татаж, Доналд Трампын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хөндөх гол сэдвүүдийн нэг болсон билээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш Д. Трамп Ерөнхийлөгч асан Ж. Байдены шийдвэрүүдийг шүүмжилсээр ирсэн ч өнгөрсөн ням гарагт өөрийн нийгмийн сүлжээнд гэргий Меланиягийн хамт Ж. Байден хорт хавдраар оношлогдсон явдалд харамсаж буйгаа илэрхийлэн, хурдан эдгэрэхийг ерөөжээ. Northwestern Medicine ашгийн бус байгууллагын хавдрын эмч Крис Жорж түрүү булчирхайн хавдар ясанд үсэрхийлсэн тохиолдолд эмчлэгдэхгүй ч өвчний явцыг хянаж, удаашруулах эмчилгээнүүд байдаг тухай онцолжээ.