
БНСУ-ын хөл бөмбөгчин, Английн Tottenham Hotspur клубийн тоглогч Сон Хён Миныг сүрдүүлсэн бүлэг этгээдүүдийг баривчилжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Сөүлийн Ганнам дүүргийн цагдаагийн газар 20 гаран насны нэг эмэгтэй, 40 гаран насны нэг эрэгтэйг луйврын хэргээр баривчилж, гэрийг нь нэгжжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр сэжигтэн эмэгтэй нь өнгөрсөн зургаадугаар сард хөл бөмбөгчин Сон Хён Минд хэт авиан шинжилгээгээр авсан ургийн зураг илгээн, өөрийгөө түүнээс жирэмсэн болсон гэж олон нийтэд зарлана хэмээн сүрдүүлж, Сон Хён Минээс олон удаагийн гүйлгээгээр 300 сая гаруй вон авсныхаа дараа уг мэдээллийг олон нийтэд ил болгохгүй гэсэн баримт дээр гарын үсгээ зуржээ.
Гэсэн ч түүний хамсаатан Б гэгч эрэгтэй нь энэ оны гуравдугаар сард Сон Хён Мины төлөөлөгчтэй холбогдон Сон Хён Минээс жирэмсэн болсон эмэгтэйн мэдээллийг ил болгоно хэмээн сүрдүүлж, дахин 70 сая вон шаарджээ. Энэхүү сүрдүүлгийн дараа Сон Хён Мины тал цагдаад албан ёсоор гомдол гаргасан юм.