
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Саудын Арабын Хант Улсад айлчилж байна. Тэрээр энэ долоо хоногт Ойрх Дорнодын 3 улсад 4 өдрийн айлчлал хийж байгаа ба энэ нь түүний АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа томилогдсоноос хойш гадаадын улс оронд хийж буй анхны айлчлал юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трампыг Эр-Рияд хотын онгоц буудал дээр Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салман угтан авсан байна.
Уг айлчлалын үр дүнд Вашингтон, Эр-Рияд хоёр 143 тэрбум ам.долларын зэр зэвсгийн гэрээ байгуулсан ба хунтайж Мохаммед бин Салманы хэлснээр Саудын Араб АНУ-тай нийт 1 их наяд ам.долларын гэрээ хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Д. Трамп Саудын Араб нь АНУ-ын түнш орнуудаас хамгийн хүчирхэг нь хэмээн тодорхойлж, хоёр улсын харилцаа өмнөхөөсөө ч илүү бат бөх болсон хэмээн онцолжээ.
Д.Трампын засаг захиргааны хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан, АНУ-ын эдийн засгийг сайжруулах гол зорилт тавиад байгаа ба Ерөнхийлөгч Д. Трампыг энэ удаагийн айлчлалаар нь Илон Маск, OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтмэн, BlackRock компанийн захирал Ларри Финк, Nvidia компанийн захирал Женсен Хуанг нарын томоохон бизнесменүүд дагалджээ. Эр-Риядын хувьд хиймэл оюун ухааныхаа салбарыг хөгжүүлж эдийн засгаа төрөлжүүлэх эрмэлзэлтэй байгаа ба Nvidia компанийн захирал Женсен Хуанг Саудын Арабын Humain компанид 18 мянга гаруй чип нийлүүлэх болсноо зарласан байна.
Түүнчлэн Ерөнхийлөгч Д. Трамп Эр-Риядад хийсэн айлчлалынхаа үеэр АНУ-ын Сири улсын эсрэг тогтоосон бүх хориг арга хэмжээг цуцалж буйгаа мэдэгджээ. Тэрээр уг шийдвэрээ Саудын Арабын хунтайж Мохаммед бин Салманы хүсэлтээр гаргасан гэжээ.
АНУ-ын Сирийн эсрэг хориг арга хэмжээ нь Сирийн Ерөнхийлөгч асан Башар аль Ассадын дэглэмд дарамт шахалт үзүүлэх зорилготой байсан ба өнгөрсөн 12-р сард Башар аль Ассадын засгийн газар унаснаас хойш Сири улс шинэ Ерөнхийлөгчтэй болж, АНУ-тай харилцаагаа сэргээж эхлээд байгаа юм. Ерөнхийлөгч Д. Трамп энэ лхагва гарагт Эр-Рияд хотноо Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль Шараатай уулзах аж.
Саудын Арабын Хант улсад хийсэн айлчлалынхаа дараа Ерөнхийлөгч Д. Трамп Катар болон Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлах юм. Арабын Нэгдсэн Эмират улсын хувьд ирэх 10 жилд АНУ-д 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ амлаад байгаа билээ.