
Ирэх пүрэв гарагт Туркийн Станбул хотод болох ОХУ-Украины яриа хэлэлцээнд Оросын талаас Гадаад харилцааны сайд Сергей Лавров, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаков нар оролцох тухай The Washington Post сонин бичжээ.
Тус уулзалтад АНУ-ын талаас Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Кит Келлог нар оролцохоор яригдаж байгаа ба ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин тус уулзалтад оролцвол АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп ч мөн Станбулд ирэх тухай Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичжээ.
Харин Оросын “Агентсво” сайтад бичсэнээр ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин 15-нд Станбул хотод болох уулзалтад очих төлөвлөгөөгүй байгаа аж.
Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд 2022 онд тасалдсан шууд яриа хэлэлцээгээ энэ сарын 15-ны өдрөөс Станбул хотноо ямар ч нөхцөл болзолгүйгээр сэргээх санал тавьсан билээ. Кремлийн зүгээс ОХУ-ын төлөөлөгчид ирэх пүрэв гарагт Станбул хотноо Украины төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр хүлээж байх болно хэмээн мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ сарын 15-нд Станбул хотод очихоо мэдэгдсэн ба зөвхөн ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай хэлэлцээ хийнэ гэдгээ онцолжээ.