
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа сүүлийн 40 жил АНУ-ын ерөнхийлөгчдөд үйлчилсэн Air Force One онгоцыг Катарын хааны гэр бүлээс бэлгэнд авах, Boeing 747-8 онгоцоор солихоор төлөвлөжээ.
400 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн Boeing 747-8 загварын онгоц нь АНУ-ын засаг захиргааны бэлгэнд авч байсан хамгийн үнэтэй бэлэг бөгөөд Д.Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаар тус онгоцыг Д.Трампын нэрэмжит номын санд хандивлах аж.
Америкийн Ардчилсан намынхан болон ажиглагчид АНУ-ын засаг захиргаанд өндөр үнэтэй онгоц бэлэглэх нь Катарын хувьд ёс зүйгүй бөгөөд үндсэн хуульд нь харшилсан үйлдэл хэмээн үзэж байна. Ардчилсан намын сенатор Чак Шумер Катарын хааны гэр бүл Д. Трампын засаг захиргаанд онгоц бэлэглэсэн явдал нь зөвхөн хээл хахууль ч биш, гадаадын засгийн газар АНУ-д нөлөөллөө тогтоож буй явдал хэмээн бухимджээ.
Ерөнхийлөгч Д.Трампын хувьд энэ долоо хоногт Ойрх Дорнодод хийх айлчлалынхаа хүрээнд Катар улсад зочлох юм. Катар улсын хааны гэр бүл Д.Трампын айлчлалаас өмнөхөн түүний засаг захиргаанд онгоц бэлэглэж байгаа нь Катар улс Д.Трамптай ямар нэг хувийн гэрээ хэлэлцээр хийсэн гэж харагдаж байгааг ажиглагчид онцолж байна.