
УИХ-ын даргын 76-р захирамжаар байгуулагдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар МУ-ын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай болон холбогдох албан тушаалтнуудад “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”-д (цахилгаан дугуй, скүүтерийн зохицуулалт) нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө танилцуулж санал солилцлоо.
“20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнгийн зүгээс энэхүү хуулийн төслийг цаг үеэ олсон, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох шинэ тутамд гарч буй тээврийн хэрэгслийн харилцааг зохицуулсан хуулийн төсөл хэмээн үзэж, хуулийн төсөл санаачилсанд талархал илэрхийллээ. Мөн энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулганаар яаралтай хэлэлцэж, батлах шаардлагатай гэдгээ илэрхийлсэн юм.
Харин Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайгийн зүгээс цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийг хэрэглээ урин дулаан цаг эхэлсэнтэй холбоотойгоор нэмэгдэж, бага насны хүүхдүүд хохирох тохиолдол ихээр гарч байгаа энэ цаг үед дээрх хуулийн төсөл шаардлагатай гэдгийг хэлж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.