
Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр (2025.04.28) 2016-2019 онд УИХ-ын даргаар ажилласан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулжээ.
Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын 10 дахь даргаар сонгогдон ажиллаж байсан Миеэгомбын Энхболд даргын хөрөг зургийг Төрийн ордонд хүндэтгэн байрлуулж байна. Энэ ёслолын арга хэмжээний эзэн Миеэгомбын Энхболд Та бол УИХ-д дөрвөн удаа сонгогдож, 2012-2016 онд УИХ-ын дэд даргаар, 2016-2019 онд УИХ-ын даргаар сонгогдон ажилласан туршлагатай парламентч бөгөөд энэ цагийн парламентын түүхэнд тодоор тэмдэглэгдэх гавьяатай хүн. М.Энхболд дарга бол ардчилал, өөрчлөн байгуулалт эхэлсэн 1990 оноос МАН-д элсэн орж намын бүх шатны сонгуульт албан тушаал хашиж, тус намын даргаар 2 удаа сонгогдон ажилласан төдийгүй Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, Ерөнхий сайдын албыг хашиж ирсэн, төв шударга, төлөв тулхтай улс төрч юм.
Шинэ цагийн парламентад ёсыг хөгжүүлэхэд оруулсан хүчин зүтгэлийн тань гэрч болж, эрхэм Таны хүндэт хөргийг Төрийн ордонд байрлуулж байна. Танд болон таны гэр бүлд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Мөн тэрбээр УИХ-ы дарга асан М.Энхболд нь гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох байгууллагыг тэргүүлэн ажиллахдаа хүний хөгжлийг тэргүүнд тавьж, эдийн засгийн үр шимийг хүн бүрд хүртээхэд ихээхэн анхаарч ажилласан болохыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. Тухайлбал хүүхэд, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт “Шинэ гэр бүл”, ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай”, “Эрүүл монгол хүн”, “40000 мянган айлын орон сууц” зэрэг хөтөлбөрийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм. Ахмад настан, алдар цолны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрүүдийг гаргаж байсныг тэмдэглэлээ.
УИХ-ын дарга асан М.Энхболд “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын Байнгын хороодын дарга нар, гишүүд, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын санаачилгаар УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийн хөрөг зургууд дунд миний хөрөг зургийг байрлуулж байгаад баяртай байна. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хувь хүний хувьд, Төрийн ордонд зургийг минь байрлуулж буй нь их хувь тавилан” гэжээ.