
Палестины Хамас бүлэглэл Газын зурвас дахь дайныг нэг мөр дуусгах цогц гэрээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Хамас бүлэглэлийн хэлэлцээний багийг тэргүүлж буй Халил Аль Хайя ХАМАС бүлэглэл Израилтай дахин богино хугацааны гэрээ хэлэлцээр хийхгүй гэдгийг онцолжээ. Тэрээр Хамас бүлэглэл барьцаанд байгаа бүх хүмүүсийг суллаж, Израилд хоригдож буй палестинчуудтай солилцон, Газын зурвасыг сэргээн босгох тухай багц гэрээ хийх хүсэлтэй байгаа тухай мэдэгджээ. Тэрээр, “Б. Нетаньяху ба түүний засгийн газар барьцаанд байгаа иргэдийнхээ амийг золиослон богино хугацааны гэрээ хэлэлцээг палестинчуудыг устгах, өлсгөлөнд автуулах улс төрийн зорилгодоо ашиглаж байна.” хэмээн онцолжээ.
Египетийн эрх баригчид ХАМАС-Израилын өнгөрсөн 1-р сард байгуулсан галаа зогсоох гэрээг дахин сэргээхээр ажиллаж байгаа ба өнгөрсөн даваа гарагт Каир хотод талууд галаа зогсоож, барьцаанд байгаа иргэдийг Израилд хоригдож буй палестинчуудаар солилцох асуудлыг хэлэлцсэн ч ахиц гараагүй байна.
Израилын зүгээс талууд Газын зурваст 45 хоногийн турш галаа зогсоож, энэ хугацаанд барьцаанд байгаа иргэдийг палестинчуудаар солилцож, цаашлаад дайныг дуусгах гэрээ хийх санал тавьсан ч Хамас бүлэглэлийн зүгээс зэвсгээ хураалгах ёстой гэсэн нөхцөлийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Халил Аль Хайя Израилыг “биелүүлэх боломжгүй” зүйл шаардаж байна хэмээн буруутгажээ.
Өнгөрсөн 1-р сарын 19-нөөс хэрэгжсэн галаа зогсоох гэрээний дагуу Хамас барьцааны 38 хүнийг сулласан ч өнгөрсөн 3-р сард Израил Газын зурваст хуурай газрын цэргийн ажиллагаагаа сэргээж, галаа зогсоох гэрээгээ зөрчсөн юм.
Тель Авив Хамас бүлэглэл барьцаанд үлдсэн иргэдийг бүгдийг нь суллаж, Газын зурвасыг зэвсэггүй бүс болгохоос нааш Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн бол Хамас барьцаанд байгаа иргэдийг дайныг бүр мөсөн зогсоох гэрээ хийхээс нааш суллахгүй гэдгээ мэдэгдсэн байна.