
Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөлөөс (ACI) танилцуулснаар 2024 онд дэлхий даяар давтагдсан тоогоор 9.5 тэрбум иргэн онгоцоор зорчсон нь цар тахлын өмнөх 2019 оныхоос 3.8 хувиар, 2023 оныхоос 9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөл нь дэлхийн 170 орны 2181 нисэх онгоцны буудлын ашиг сонирхлыг төлөөлдөг байгууллага бөгөөд тус байгууллагаас жил бүр дэлхийн хамгийн өндөр ачаалалтай нисэх онгоцны буудлуудыг тодруулдаг юм.
2024 оны хамгийн их ачаалалтай ажилласан нисэх онгоцны буудлаар 26 дахь жилдээ АНУ-ын Жоржия мужийн Атланта хотын Хартсфилд-Жэксоны олон улсын нисэх онгоцны буудал тодорчээ. Өнгөрсөн онд тус нисэх онгоцны буудлаар нийт 108 сая зорчигч үйлчлүүлсэн байна.
Жагсаалтын хоёрт 92.3 сая зорчигчидтойгоор Дубай хотын олон улсын нисэх онгоцны буудал бичигдсэн ба тус нисэх онгоцны буудал 2023 онд мөн хоёрт бичигдэж байжээ.
АНУ-ын Техас мужийн Даллас/Форт Уэрт олон улсын нисэх онгоцны буудал жагсаалтын гуравт бичигджээ. Тус нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчдийн тоо 2019 оныхоос 17 хувиар, 2023 оныхоос 7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Жагсаалтын дөрөвт Токиогийн Ханеда, тавд Лондоны Хитроу нисэх онгоцны буудлууд тус бүр бичигджээ.
Жагсаалтын эхний 10-т багтсан Шанхай хотын Пудун олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгчдийн тоо 2023 оныхоос 41 хувиар өсөж, нэг жилийн дотор 11 байраар урагшлан жагсаалтын 10-т бичигдсэн байна. Энэ нь Ази-Номхон далайн бүс нутаг тэр дундаа Хятадын аялал жуулчлалын салбар сэргэсэн явдал, тухайн улсын гадаад бодлого мөн тухайн нисэх онгоцны буудал нь олон улсын нислэгүүдийн тоогоо нэмж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн зэрэгтэй холбоотой аж.
2024 оны Дэлхийн хамгийн өндөр ачаалалтай нисэх онгоцны буудлууд:
- Hartsfield-Jackson Atlanta (ATL): 108.1 сая зорчигч; 2023 оныхоос 3.3 хувиар өссөн
- Dubai (DBX): 92.3 сая зорчигч; 2023 оныхоос 6.1 хувиар өссөн
- Dallas Fort Worth (DFW): 87.8 сая зорчигч; 2023 оныхоос 7.4 хувиар өссөн
- Tokyo Haneda (HND): 85.9 сая зорчигч; 2023 оныхоос 9.1 хувиар өссөн
- London Heathrow (LHR): 83.9 сая зорчигч; 2023 оныхоос 5.9 хувиар өссөн
- Denver (DEN): 82.4 сая зорчигч; 2023 оныхоос 5.8 хувиар өссөн
- Istanbul (IST): 80.1 сая зорчигч; 2023 оныхоос 5.3 хувиар өссөн
- Chicago O’Hare (ORD): 80 сая зорчигч; 2023 оныхоос 8.4 хувиар өссөн
- New Delhi (DEL): 77.8 сая зорчигч; 2023 оныхоос 7.8 хувиар өссөн
- Shanghai Pudong (PVG): 76.8 сая зорчигч; 2023 оныхоос 41 хувиар өссөн