
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд халуун, хүйтэн зууш, ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх хуулийн зохицуулалттай.
Монгол Улсын “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 24.3.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээний танхимдаа халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх бөгөөд энэ хуулийн 16.2.2-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид ундны усаар үнэ төлбөргүй үйлчилнэ гэж заасан байдаг.
Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар иргэд цахим сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.
Энэ талаар ярихдаа,
- Би Солонгост амьдардаг байсан. Тэнд бол ус үнэгүй өгдөг. Харин манайд нэг сав усыг пивоноос ч үнэтэй зардаг.
- Ийм хууль байдгийг мэдээд шаардаж үзсэн. Зөөгч хүүхдүүд нь гайхаад байсан. Энэ хуулийн талаар хүмүүс сайн мэдэхгүй байх шиг. Уг нь хууль нь аль 2023 онд батлагдсан юм билээ шүү дээ.
- Сайн дураараа ундны усаар үйлчилдэг газартай таараагүй. Заримдаа халуун ус гуйж авах тохиолдол байдаг гэсэн байна.
Энэхүү хуулийн заалт ямар байгууллагуудад үйлчлэх вэ?
14.00-04.00 цаг хүртэл архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж буй бүх байгууллагуудад хамаарна. 04.00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй газруудын хувьд үйл ажиллагаа явуулах, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх байршилд тусгай объекттой байх шаардлагыг биелүүлсэн байх ёстой юм.