
Өнгөрсөн мягмар гарагт АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд утсаар 2 цаг гаруй ярилцсан байна. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн утсаар хийсэн хэлэлцээний үр дүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Вашинтоноос санал болгож буй 30 хоногийн турш галаа зогсоох саналыг зөвшөөрөөгүй ч Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт үзүүлэх явдлыг 30 хоногийн турш зогсоохыг зөвшөөрчээ.
В.Путин энхийн тогтоох гол арга зам нь Киевт үзүүлж буй зэр зэвсгийн бүх тусламжийг зогсоож, Киевтэй тагнуулын мэдээлэл хуваалцахгүй явдал гэдгийг онцолж, 30 хоног галаа зогсоох нь ноцтой эрсдлүүдийг дагуулна гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Украинтай хоригдол солилцоо явуулж, Украины 175 хоригдлоос гадна шархдсан 23 цэргийг нь шилжүүлэн өгөхөө мэдэгдсэн байна. Түүнээс гадна хоёр орны төрийн тэргүүнүүд хоёр талын харилцааг хэвийн болгох, эдийн засгийн салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, тогтмол холбоотой байхаар тохирсон ба Д.Трамп ОХУ болон АНУ-ын хоккейн багууд хооронд тэмцээн зохион байгуулах В.Путины саналыг дэмжжээ.
Хоёр орны төрийн тэргүүнүүдийн хувьд өнгөрсөн 1-р сарын 20-нд Д. Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш хоёр дахь удаагаа утсаар хэлэлцээ хийж байгаа явдал юм. Д. Трамп, В. Путин нар өнгөрсөн сарын 12-нд утсаар холбогдон, ОХУ-Украины дайныг дуусгах асуудлыг хэлэлцэхээр тохирсон билээ.