
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн хоёрдугаар сард төлөвлөгөөт гурав, төлөвлөгөөт бус 22 удаагийн хяналт шалгалтад 81 аж ахуйн нэгж, байгууллага, 1786 гадаадын иргэнийг хамруулжээ.
Зөрчилд холбогдсон нийт 396 гадаадын иргэн, 128 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 10 улсын 22 иргэнийг албадан гаргасан байна.
Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 108 иргэнийг хилээр оруулалгүй буцаажээ.
Зөрчилд холбогдсон иргэдийн дийлэнх хувийг Хятад, Вьетнам, Филиппин, Орос улсын иргэд эзэлж байна. Тухайлбал, БНХАУ-ын 195, БНСВУ-ын 51, БНФУ-ын 22, ОХУ-ын 14, бусад улсын 114 иргэн байна.
Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна гэж ГИХГ-аас мэдээлэв.