
Израилийн зэвсэгт хүчин энэ сарын 18-ны шөнө Газын зурваст агаарын цохилт үзүүлсэний улмаас 330 гаруй хүн амь үрэгдсэн талаар Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.
Израилийн арми Палестины ХАМАС бүлэглэл нь Израиль руу халдахаар бэлдэж, хүчээ сэлбэж байгааг олж тогтоосонтой холбоотойгоор агаарын цохилтууд үзүүлсэн болохоо мэдэгдсэн байна. Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн мэдэгдсэнээр ХАМАС бүлэглэл галаа зогсоох гэрээг сунгаж, барьцааны хүмүүсийг суллахаас татгалзсан учир Израилийн армид Газын зурваст цохилт үзүүлэхийг тушаасан гэжээ.
The Wall Street Journal сонинд бичсэнээр Газын зурваст цохилт үзүүлэхээсээ өмнө АНУ-тай зөвлөлдсөн ба АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп ХАМАС бүлэглнл барьцааны хүмүүсийг суллахаас татгалзсан учраас Израильд ХАМАС-ын эсрэг ажиллагаа явуулахыг нь зөвшөөрсөн аж. Түүнээс гадна Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Брайан Хьюз Тель Авив Газын зурваст цохилт үзүүлэхээсээ өмнө АНУ-тай зөвлөлдсөн талаар мэдэгджээ. Тэрээр, “ХАМАС бүлэглэл барьцаалсан хүмүүсээ суллаж, энхийн гэрээгээ сунгаж болох байсан ч дайтахыг сонгосон.” гэжээ. ХАМАС бүлэглэл Израилийн армийг гэм зэмгүй энгийн иргэд рүү халдсан хэмээн буруушааж, Тель Авив галаа зогсоох гэрээг зөрчсөн хариуцлагаа хүлээх ёстой хэмээн мэдэгджээ.