Өнгөрсөн онд дэлхий даяар 1.4 тэрбум жуулчин гадаадын улс орнууд руу зорчжээ. Энэ нь коронавирусний цар тахлын өмнөх үеийн 99 хувьтай тэнцэж байгаа нь дэлхийн аялал жуулчлалын салбар бүрэн сэргэснийг илтгэж байна. 2024 онд жуулчид олон улсын аялал жуулчлалын салбарт нийт 1.9 их наяд ам.долларын орлого оруулсан нь нэг жуулчин дунджаар 1000 гаруй ам.доллар зарцуулсан гэсэн үг юм. Европ тив хамгийн олон буюу 747 сая жуулчныг хүлээн авсан. Тэр дундаа Франц улс хүлээн авсан жуулчдынхаа тоогоор тэргүүлж байна.
2024 онд Франц улсыг 100 сая жуулчин зорьсон бол Испани руу 98 сая жуулчин зорчжээ. 2024 оны Парисын Зуны Олимпын наадам, сэргээн засварлагдсан Парисын Дарь Эхийн сүм дахин нээгдсэн явдал мөн Холбоотны арми Нормандын эрэг рүү довтолсоны 80 жилийн ой зэрэг томоохон үйл явдлууд нь тус улсыг гадаадын жуулчид зорих болсон шалтгаануудын нэг байжээ. Өнгөрсөн жил Ази-Номхон далайг 316 сая жуулчин, хойд болон өмнөд Америкийг 213 сая жуулчин, Ойрх Дорнодыг 95 сая жуулчин, Африкийг 74 сая жуулчин зорьжээ. Ойрх Дорнодын орнуудаас Катар улсыг зорих жуулчдын тоо 137 хувиар өссөн нь тус улсын дэд бүтэцдээ хийсэн хөрөнгө оруулалттай холбоотой юм. 2024 онд Qatar Airways нь дэлхийн шилдэг агаарын тээврийн компани болж, Доха хотын Хамад Олон улсын нисэх онгоцны буудал мөн л дэлхийн шилдгээр тодорсон билээ.