АНУ-ын Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон Жэй Ди Вэнсийн амьдралын түүх мөрөөдөл биелдэгийн тод жишээ болсон талаар гаднын хэвлэлүүд онцолж байна.
ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛСЭН ӨВӨӨ, ЭМЭЭГИЙНХЭЭ ОВГООР НЭРЛЭЖЭЭ
Жэй Ди Вэнс нь 1984 онд Жэймс Доналд Боумэн нэрээр Охайо мужин Мидлтаун хотод мэндэлжээ. Түүний ээж хар тамхи хэрэглэдэг, харин аав нь түүнийг бага байхад ээжээс нь салсан аж. Ээжийнхээ хар тамхины донтолт, эмх замбараагүй хувийн амьдралаас болж Жэй Ди Вэнсийг эмээ, өвөө нь голчлон хүмүүжүүлжээ. Өсгөж хүмүүжүүлсэн эмээ өвөөгийнхөө ачийг бодон Жэй Ди өвөө эмээгийнхээ овгийг авсанаар түүний нэр Жэймс Дэвид Вэнс болсон түүхтэй аж.
Төрсөн хот Мидлтаун нь цагтаа гангийн болон автомашины олон тооны үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байсан АНУ-ын баруун төвийн бүсийн хот аж. Түүнийг мэндлэх үед АНУ-д аж үйлдвэрлэлийн уналт болж, боломжтой хүмүүс нь аж амьдралаа дээшлүүлэхийн тулд том хотуудыг зорьж, Мидлтаун хотод ажилгүй, мөнгөгүй хэд нь л үлдсэн байжээ.
ТЭНГИСИЙН ЯВГАН ЦЭРГИЙН КОРПУСТ ЭЛСЭЖ, САРД 1000 АМ.ДОЛЛАРЫН ЦАЛИН АВАХ БОЛОВ
Вэнсийн аав нь түүний амьдралд огт оролцдоггүй, ээж нь эрчүүдийг ар араас нь сольж, хар тамхинаас гаргах эмчилгээнд үе үе хамрагдсаар иржээ. Нэг гэрээс нөгөө рүү нүүх Вэнсийн амьдралын ганц тогтвортой зүйл нь эмээ өвөө нь байв. Тэд Вэнсийн боловсролд маш ихээр анхаардаг байсан ч тэрээр хичээлээ тасалж, ахлах сургуулийнхаа эхний жилийг дөнгөж 2.1 голч оноотой төгсжээ.
Эмээгийндээ нүүж очсоноор Вэнсийн амьдрал дээрдэж, цагийн ажил хийж эхэлснээс гадна хичээлийнх нь дүн ч сайжирчээ. Коллежид элсэх хүсэлтэй байсан ч сургалтын төлбөрийг дийлэхгүй гэдгээ мэдэж байв. Эцэст нь тэрээр Тэнгисийн явган цэргийн корпуст элсэж, сард 1000 ам.долларын цалин авах болсон байна. Иракт алба хааж ирсэнийхээ дараа Вэнс эмээгийнхээ эрүүл мэндийн даатгалыг төлж байжээ. Түүний хэлсэнээр тэнгисийн явган цэрэгт алба хаасан нь түүнд маш ихийг зааж сургасан аж.
2007 онд Вэнс цэрэгт алба хааж дууссаныхаа дараа Охайо мужийн их сургуульд элсжээ. Тэрээр 2 хүрэхгүй жилийн дотор сургуулиа төгсөж, 2010 онд Иелийн их сургуулийн хуулийн сургуульд элссэн байна. Иелийн их сургуульд сурч байхдаа Вэнс хуулийн томоохон фирмүүдэд ажиллаж, 2013 онд сургуулиа төгсжээ.
Хуульчийн дипломтой болсон Вэнс Иелийн их сургуульд сурч байхдаа танилцсан найз бүсгүй Уша Чилукуригийн хамтаар Синсиннати мужийн хуулийн фирмд нэг жил ажилласан ба удалгүй хуримаа хийн Вашингтон руу нүүсэн байна.
Калифорнид амьдарч байхдаа Вэнс технологийн салбарыг сонирхож, Цахиурын хөндийгөөс өөртэй нь адил консерватив үзэл бодолтой олон найз нөхөдтэй болжээ.
ӨӨРИЙН АМЬДРАЛААР БҮТСЭН НОМ НЬ БЕСТСЕЛЛЕР БОЛЖЭЭ
2016 онд Жэй Ди Вэнс “Хиллбиллигийн элеги” нэртэй дуртгал ном бичиж гаргасан нь The New York Times сонины бестселлер болжээ. Уг номдоо тэрээр ямар ч хачир чимэггүйгээр өөрийг амьдралд тохиолдсон саад бэрхшээл, зовлон шаналал, гэр бүлийн гишүүд, хөршүүд, найз нөхдийнхөө буруу шийдвэрүүдийг дүрсэлжээ. Вэнс Мидлтаунд төрсөн ч түүний гэр бүл Аппалачийн уулархаг бүс нутгаас гаралтай байсан юм. Тэрээр номдоо бусад хүмүүс Аппалачийн бүс нутагт амьдардаг хүмүүсийг дорд үзэж, дээрээс хардаг байдлыг шүүмжлэхийн зэрэгцээ төрж өссөн нутгийнхаа хүмүүсийн хэт үрэлгэн, төрийн халамжаас хамааралтай байдал, тууштай хөдөлмөрлөх, хүнд цаг үед өөрсдийгөө дайчлан босох чадваргүй байдлыг дүрсэлсэн байна. Тэрээр нутгийнх нь иргэд хүнд нөхцөл байдалд байж болох хамгийн муугаар хариу үйлдэл үзүүлдэг байсан явдал нь тэдгээр хүмүүс нь нийгмийн уналтын эсрэг арга хэмжээ авахын оронд өөгшүүлдэг байсан соёлын нөлөөгөөр бий болсонтой нь холбоотой гэж тайлбарлажээ.
Вэнсийн ном нь борлуулалтаараа тэргүүлж эхэлсэнээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнээс тухайн үед ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Д.Трампын талаарх үзэл бодлыг нь сонирхож эхэлсэн байна. Вэнс тухайн үед “Би хэзээ ч Д.Трампыг дэмжихгүй. Д.Трампад хэзээ ч дуртай байгаагүй.” хэмээн мэдэгдэж, Д.Трампыг шүүмжлэх боломжийг алддаггүй байв. 2016 оны 10-р сард өгсөн ярилцлагадаа Вэнс, “Энэ удаагийн сонгууль цагаан арьст ажилчин ангид гарцаагүй сөргөөр нөлөөлж байна. Д.Трамп тэдэнд өөрсдөөс нь шалтгаалах зүйлд хаа байсан Мексикийн цагаачид, Хятадын худалдаа, Ардчилсан намын элитүүд гээд өөрсдөө л биш бол хэнийг ч хамаагүй буруутгах шалтгийг өгч байна” хэмээн онцолж байжээ.
ТРАМПЫН ХАМГИЙН ҮНЭНЧ ДЭМЖИГЧ, ХАМТРАГЧ БОЛСОН НЬ
2020 оны сүүл гэхэд Вэнсийн байр суурь огцом өөрчлөгдөж, тэрээр Доналд Трамптай түүний Мар-а-Лаго дахь эдлэнд хэд хэдэн удаа уулзаж, Фокс Ньюс сувагтай хамтран ажиллаж эхэлсэнээр Вэнс Д.Трампын хамгийн үнэнч дэмжигч, хамтрагч нь болох зам эхэлсэн байна. Д. Трампын дэмжлэгтэйгээр Вэнс 2022 оны сонгуулиар Охайо мужийн сенатороор сонгогдсон юм.
Д. Трампын хувьд сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд өнгөрсөн оны 7-р сард Пенсильванид хийсэн уулзалтынхаа үеэр халдлагад өртөх хүртлээ дэд ерөнхийлөгчөөр хэнийг сонгосноо зарлаагүй байсан юм. Уг үйл явдлаас хойш хоёр хоногийн дараа тэрээр Жэй Ди Вэнсийг дэд ерөнхийлөгчөөр сонгосноо зарласан билээ.
Д. Трампын ойр тойрныхон Жэй Ди Вэнсийн үзэл бодол, төрж өссөн нутаг зэрэг нь Д. Трампад ажилчин ангийнхны саналыг авахад чухал хувь нэмэр оруулна гэж үзсэн ба Вэнсийн эхнэр Уша нь энэтхэгийн цагаачдын гэр бүлээс гаралтай нь ч бас цөөнхийн дэмжлэгийг авахад тусална гэж үзжээ.