БНХАУ-ын шүүх өнгөрсөн 11 дүгээр сард Жүхай хотод жийп машинаараа олон хүн дайрч амийг нь хөнөөсөн 62 настай Фан Вэй Цюд цаазаар авах ял оноожээ. Гэмт этгээд хэргийг эхнэрээсээ салсан учраас үйлдсэн гэж мэдэгдсэн байна.
Ослын улмаас 35 хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтсэн юм. Тэд хэрэг болох үед Жүхай хотын спортын төвд дасгал хийж байжээ. Хэргийг үйлдсэн этгээд хэргийн газраас зугтахыг оролдсон ч хууль сахиулах байгууллагынхан шуурхай баривчилсан байна. Байцаалтын үеэр тэрээр эхнэрээсээ салсан болохоор ийм үйлдэл хийхээр шийдсэн гэж мэдүүлжээ. Түүний хэлснээр эхнэртээ уурласан “уураа ийм аргаар гаргахаар” шийдсэн гэх. Мөн тэрээр гэрлэлтийн өмч хөрөнгө хуваасан байдалд сэтгэл дундуур үлдсэнээ ярьжээ.
Фан Вэй Цюг цаазлах ажиллагаа энэ сарын 20-нд болж, прокуроруудыг байлцуулан гүйцэтгэсэн аж. Чухам ямар аргаар цаазыг гүйцэтгэсэн талаарх мэдээлэл байхгүй ч Хятадад ихэнх тохиолдолд яллагдагчдад үхлийн тариа хийдэг, мөн зарим тохиолдолд гэмт хэрэгтнүүдийг буудан хороодог.