Өнгөрсөн 11-р сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп албан ёсоор АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр томилогдлоо. Энэ удаа ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын конгрессын ордны гадаа биш дотор зохион байгуулагдсан юм.
Орон нутгийн цагаар даваа гарагийн үд дүнд Доналд Трамп АНУ-ын конгрессын ордны төв танхимд ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн байна. Уламжлал ёсоор Д. Трампыг тангараг өргөхийн өмнөхөн Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс тангаргаа өргөжээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө Д. Трамд гэргий Меланиягийн хамт Цагаан ордныг орхиж буй АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден болон тэргүүн хатагтай Жилл Байдены хамт өглөөний цай уужээ. Д. Трампыг угтан авахдаа Ж. Байден “Гэртээ тавтай морил” хэмээн мэндчилсэн нь үе үеийн ерөнхийлөгчдийн шинээр томилогдох ерөнхийлөгчийг угтан авч, эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх уламжлалыг сэргээсэн явдал байв.
4 жилийн өмнө Жо Байден ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр Д. Трамп Жо Байденыг гэргийн хамт Цагаанд ордонд угтан авах уламжлалаас татгалзсан юм. Конгрессын төв танхимд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоор 600 орчим зочид төлөөлөгчид цугласан ба Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Эквадорын Ерөнхийлөгч Даниэл Нобоа, БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Хан Жэн, Японы Гадаад харилцааны сайд Такэши Иваяа, Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон нараас гадна уламжлал ёсоор АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчид гэргий нарынхаа хамт оролцжээ. Түүнээс гадна энэ удаагийн тангараг өргөх ёслолд дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудын захирлууд уригдсан явдал нь олны анхаарлыг татсан билээ. Конгрессын төв танхимд цугласан зочид дунд тэрбумтан Илон Маскаас гадна Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос сүйт бүсгүй Лорен Санчезийн хамт, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, Google компанийн захирал Сундар Пичаи, TikTok компанийн гүйцэтгэх захирал Шоу Зы Чю нар байв.
Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснийхөө дараагаар АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп уламжлал ёсоор үг хэлсэн байна. Тэрээр, “Америкийн алтан үе яг одоо эхэлж байна. Энэ өдрөөс эхлэн манай улс дэлхийд хүндлэгдэх болно. Өнөөдрийг хүртэл манай улсын засгийн газар өөрийн улсын хил, газар нутгийг хамгаалахад бус бусад улс орнуудын хил, газар нутгийг хамгаалахад хөрөнгө мөнгөө зарцуулсаар ирсэн. Тэгвэл энэ бүгд өнөөдрөөс өөрчлөгдөнө. Америкийн уналт зогсоно. Би амиа алдах шахсан ч бурхан намайг Америкийг дахин агуу болгоорой гээд аварсан. Бид ард иргэдэд дахин итгэл найдвар, аюулгүй байдал, энх тайвныг авчирна. 2025 оны 1-р сарын 20 нь америкчуудын хувьд эрх чөлөөтэй болсон өдөр байх болно. Өнөөдөр л гэхэд би хэд хэдэн тогтоолд гарын үсгээ зурна. Мексикийн хил дээр онц байдал тогтоохоос эхэлнэ. Би энхийг сахиулагч, эв нэгдлийг бүтээгч нь болно. Бидний амьдралын бүх шатанд арьс өнгө, хүйс, бэлгийн чиг хандлагын асуудлыг шахаж байсан бодлогод эцэс тавина. Бид хамгийн хүчирхэг армийг бий болгож, ялсан тулаануудаараа бус дуусгасан дайнуудынхаа тоогоор амжилтаа хэмжинэ. Биднийг хэн ч эзэлж, хэн ч айлгаж чадахгүй. Энэ өдрөөс эхлэн АНУ нь эрх чөлөөтэй, тусгаар тогтносон, бие даасан улс болно. Америкийг бурхан өршөөх болтугай” хэмээн мэдэгджээ.