Метро барих хугацааг хойшлуулж 2030 онд ашиглалтад оруулах тооцоолол гарчээ. Өмнө нь хотын дарга Х.Нямбаатар нар 2024 оны зургадугаар сард барилга угсралтын ажлыг нээж, 2027 онд дуусгаад, 2028 онд метро ашиглалтад орно гэж мэдээлж байв.
Мөн өмнөх ТЭЗҮ-ийг шинэчилж, замын нийт уртыг 19 км болгосон байна. Анхны ТЭЗҮ-д шугамын нийт уртыг 17.7 км гэж тооцож байсан юм. Өмнөх ТЭЗҮ-гээр метроны шугамын зарим хэсэг нь газрын дээр байсан бол одоо 100 хувь газрын доогуур болгож өөрчилжээ.
Төсөлд менежментийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Духуа инженеринг” компани үзүүлж байгаа. Мөн ТЭЗҮ боловсруулах бүлэг ажлыг түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлж байна. Түншлэлийг “Духуа инженеринг” тэргүүлж, “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтсан байна. Харин зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр Японы “Ниппон Коей” компани ажиллаж буй.