Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг болон Ц.Жамбалсүрэн, Л.Хайсандай нарын эрдэмтэд Ю.Цэдэнбал академийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох болсноо мэдэгдэж, музей байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
АКАДЕМИ АНХ БАЙГУУЛАГДСАН ЗОРИЛГО, ЗОРИЛТОО АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛСЭН
Энэ талаар Ю.Цэдэнбал агсны хүү Ц.Зориг дараах мэдээллийг өгөв. Тэрээр, “Энэ академийг байгуулсан гол зорилго нь, миний аав Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх, түүний хийсэн ажлыг залуу үеийнхэн мэдэх, ойлгох боломжийг бүрдүүлэх явдал байлаа.
25 жилийн дараа миний аав Цэдэнбалын нэр хүнд сэргэж, ард иргэд түүний энэрэнгүй сайхан сэтгэлтэй, Монгол Улсын төлөө үнэхээр чин сэтгэлээ зориулан ажилласан хүн гэдгийг ойлгож мэдэрсэн гэдгийг би сэтгэл хангалуун, баяртайгаар дурсаж байна. Академи анх байгуулагдсан зорилго, зорилтоо амжилттай биелүүлсэн гэж би үнэлж байна. Ингээд Ю.Цэдэнбал академийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд, жаахан таагүй мэдээлэл надад хүрсэн. Манай академийн зарим гишүүдийн зүй бус үйл ажиллагаа гарсан байна. Тухайлбал, зарим гишүүд академийн нэрийн дор хандив цуглуулж, түүнийг хаана зарцуулсан нь тодорхойгүй болсон тохиолдол гарсан. Энэ хандивыг академийн үйл ажиллагааг санхүүжүүлэх нэрээр цуглуулсан гэж би сонссон. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ мөнгийг би хаана ч хараагүй, надад ирээгүй байна. Тиймээс, 12 сарын 30-нд бид академийг үүсгэн байгуулсан хүмүүс болон миний аавын төрөл төрөгсөд цуглаад, энэ өдрийн хурлаараа Цэдэнбал академийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан.
ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ МУЗЕЙ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН
Хэдийгээр академи түр хугацаагаар завсарлаж байгаа ч бид цаашдаа хийх олон ажлуудыг төлөвлөж байгаа. Түүний нэг нь Цэдэнбалын тухай музей байгуулах ажил юм. Хэрвээ боломжтой бол, миний хүслээр, энэ музей нь аавын маань Монгол Улсыг удирдаж, ажиллаж байсан тэр байшинд байрладаг байх нь их зүйтэй гэж бодож байна. Энэ талаар бид Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд захидал хүргүүлсэн. Тус бичигт манай сангийн үүсгэн байгуулагчид болон эрдэмтэд гарын үсгээ зурсан.
Музейн үзмэрүүдийн хувьд, миний аавын хувийн эд зүйлсийг түлхүү оруулж, хадгалах болно. Гэхдээ аавын хэрэглэж байсан эд зүйлсийн зарим нь 1990-ээд оны үед хууль бусаар хураагдсан байдаг. Миний аавын эд хөрөнгө нь Монгол Улсын түүхийн нэг хэсэг гэж би ойлгодог. Тиймээс би аавын эдэлж байсан хөрөнгүүдийг Монголын ард түмний өмч байх ёстой гэж үздэг.
Эхлээд хууль ёсоор эд хөрөнгө надад ирэх ёстой. Түүний дараа би Монгол Улсын Засгийн газраас музей байгуулах асуудлыг дэмжиж шийдэж өгвөл, би энэ бүх эд хөрөнгийг музейд байрлуулах болно.
Өнөөдөр бидний цугласан шалтгаан нь Цэдэнбалын Академийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай мэдээлэл хүргэх, мөн Цэдэнбалын музей байгуулах санал хүргэх зорилготой юм” гэв.