Б.Тэлмэн хүү одоо 11 настай. Тэрээр дөрвөн дуу гаргаж, сошиалд сая сая хандалт авахын дээр эгдүүтэй төрхөөрөө олны хайрыг татсан залуу уран бүтээлч юм. Гурван настайгаасаа бүжгийн урлагт дурлан, дуу бүжгээ хослуулан хөгжүүлж буй түүний мөрөөдөл кино найруулагч болох. Тэр бидэнтэй ирээдүйн мөрөөдлөө хуваалцахын дээр бусдын сөрөг хандлагыг хэрхэн хүлээж авдаг талаараа хуваалцлаа.
-Ярилцах санал хүлээж авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу? Намайг Б.Тэлмэн гэдэг. Би 20 дугаар сургуульд сурдаг. Одоо дөрвөн дуутай.
-Дуугаа бүтээх гэж их ажил болдог байх даа. Хэр хэцүү вэ?
-Эхний дуу маань Энэ жил гээд дуу байгаа. Утсаар бүтсэн хамгийн анхны дуу гэж болно. Сүүлд хийсэн Winter гээд дуун дээрээ би бараг гурван долоо хоног суусан. Цаана нь агаа бид хоёр дуугаа хийх гэж зодоон нүдээн болно. Хөөрхөн, их юм болно оо. Аяа сонсох, өнгөө тааруулах гээд л.
-Дуулж, бүжиглэсэн видеог нь харахаар их цоглог харагддаг. Уулзахаар даруухан хүү шиг санагдаж байна.
-Дуулж байх үедээ эхлээд жаахан сандардаг. Тэгж байгаад мэдрэмждээ хөтлөгдөөд, цоглог болдог. Бүжиглэхдээ ч адилхан. Одоо ярилцлага өгөхдөө сандраад, даруухан ч юм шиг болоод байгаа юм.
-Тrishna-гийн дуугаар ковер хийсэн юм билээ. Шүтдэг реппер нь үү?
-Тийм ээ. Би Фокус энтертайнментад харьяалагддаг. Манай энтертайнмент дуучин Trishna-тай хамтарч их ажилладаг. Би өөрөө түүний дууг сонсох маш дуртай. Дуртай болохоороо нэг дууг нь ковер хийж үзье гэж бодоод Ass ass in гээд дууг нь коверлосон байгаа.
-Сошиал дээр хүмүүсийн хандлага ямар байна вэ?
-Хүмүүс ихэвчлэн эерэг хандлагатай байдаг. Харин зарим хүмүүс намайг их муулдаг. Сонин ч юм шиг, шударга бус ч юм шиг жаахан муухай санагддаг. Доромжилж муулсан комментыг бол хүлээж авдаггүй. Яагаад намайг доромжлоод байгаа юм гэж би боддог. Яагаад гэвэл доромжилж байгаа шалтгаанаа огт бичээгүй байдаг. Харин намайг шүүмжилсэн хүнийг хүлээж авдаг. Хамгийн муухай санагдсан зүйл нь гэвэл маш олон хараал хэлчихсэн байсан. Коммент дээр доромжилно, хэрэлдэнэ, шүүмжилнэ, магтана гээд есөн шидийн л юм болдог доо.
-Би гурван настайдаа ахаасаа бүжиг гэдэг зүйлийг ойлгож аваад, бүжиглэх сонирхолтой болж эхэлсэн. Сайн аяа сонсдог байсан. Одоо бол жаахан эвсэл суучихсан гэж өөрийгөө хэлнэ дээ. Гэхдээ тийм их биш. Жаахан л…
-Урлагийн хүн болохыг мөрөөддөг үү?
-Би дуучин болно. Гэхдээ дуу, бүжгээ хобби болгоод, кино найруулагч талдаа мөрөөдөл байгаа. Бас хөл бөмбөг талдаа мөрөөдөл байгаа. Хувь хүн талаасаа шударга, онгироо биш хүн болохыг л хүсдэг.
-Нээрээ гурван настай дүүтэй юм билээ. Дүүтэй байх хэр байна даа?
-Би ээж, дүү, аавтайгаа амьдардаг. Дүүтэй байх гоё. Гэхдээ зарим талаараа би дүүгээ харахгүй байх, эсвэл дүү маань үймүүлэхээр жаахан хэцүү байдаг. Дүү маань үймүүлэхээр аав, ээж намайг загнаад байдаг юм. Айлын том эсвэл дунд хүүхэд гээд хүүхдэдээ битгий их шаардлага тавиарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.