Тоггүйд шинэ жилдэж, тог тасрахаас өмнө хоол, цайгаа хийе гэж адгадаг нийслэлчүүдийн байдал энэ жил огтоос дээрдсэнгүй. Эрх баригчид биднийг хошгоруулдгаараа хошгоруулж, урин дулаан цагт, өөрөөр хэлбэл сонгуулийн үед эрчим хүчний дутагдал үүсэхгүй гэх мэтээр ээлж дараалан ам гарсан нь саяхан. Энэ асуудлаар иргэд өдөр бүр цахим сүлжээндээ бухимдлаа илэрхийлсээр буй.
Тухайлбал,
- Хязгаарлалт хийж болно оо. Үнэхээр эрчим хүёний дутагдалтай байгаа асуудлыг яах вэ. Гэхдээ урьдчилан дуулгах ёстой. Цахилгаанаар халдаг айлуудад хэцүү байна. Цахилгаан хязгаарлах хуваарь гээд гаргачихсан байгааг харсан. Гэвч тэр хуваарь нь худлаа юм билээ.
- Цахилгаан станц барих хэрэгтэй. Дэлгүүр орох гэж гараад айсандаа буцаад ороод ирлээ. Тог тасраад лифтэнд гацчих вий, тэр хооронд хүүхдүүд маань лаа асаах гэж байгаад гэрээ шатаачих вий гэдэг бодол орж ирээд юм авахаа болиод буцаад гэртээ орж ирэв. Юун тэр хувьцааны мөнгө вэ? Цахилгаан станц бариад өгөөч! Ямар тэнэг шийдвэр гэхээрээ мөнгө тараадаг юм бэ.
- Тогны хязгаарлалтаа өдөр нартайд хийж болдоггүй юм байх даа. Харанхуй шөнө хийдэг нь ямар учиртай юм. Өвлийн улиралд хязгаарлалт хиймээргүй байна гэх мэтээр эрх баригчдыг шүүмжилсээр…
“БӨӨРӨЛЖҮҮТЭЭС 150 МВТ-ЫГ ЭНЭ ОНДОО БАГТАЖ НИЙЛҮҮЛНЭ ГЭВ”
Тэгвэл Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгөхдөө, “Бөөрөлжүүтийн цахилгаан станцад техникийн комисс ажиллаж дууссан. Энэ долоо хоногт Улсын комисс ажиллаж эхэлнэ. Үүний дараа энэ ондоо буюу 2024 оны 12 дугаар сардаа багтаад 150 МВт-ыг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ. Дамжуулах байгууламж нь шатсаныг бүрэн засч дууссан. Ингэж нэмэгдсэн ч өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний дутагдал үүсэх талаар онцлов.
Тэрээр үргэлжлүүлэн, “Би нийслэлийн Засаг даргаар томилогдоод жил гаруй болж байна. Ажлаа авснаас хойш 200 МВт-ын эх үүсвэр нэмэгдүүлэх төсөл танилцуулж байсан. Тэгвэл 10 хоногийн өмнө Багануурын 50 МВт-ын станц ашиглалтад орж, хэвийн горимоор ажиллаж байна. Гэсэн ч шөнө оройн цагаар айлуудын тог цахилгаанд хязгаарлалтыг хийж байгаа. Бид 40 жил эрчим хүчнийхээ салбарт нэг ч хөрөнгө оруулалт хийж, 1984 оноос хойш нэг ч станц бариагүй.
Учир нь 2023 оны өвөл эрчим хүчний хэрэглээ 14 хувиар нэмэгдсэн. Одоогийн байдлаар 10 орчим хувиар нэмэгдэж байна. Гадаа -30 хэм давж хүйтрэхээр дахин 4-5 хувийн нэмэгдэл үүсэх урьдчилсан тооцоог гаргаж байгаа. Хотын даргын эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөхөөр УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Р.Дагдан ажиллаж байгаа. Бид өдөр тутам эрчим хүчний хэлбэлзэл, хэрэглээг хянаж байна. Эрчим хүчний яамтай хэд хэдэн зүйл дээр ойлголцсоны үр дүнд энэ жил 200 МВт-аар эрчим хүчээ нэмэгдүүлж байна. Цаашид 5-6 төслийг урагшуулахаар ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа Дамбадаржаагийн дулааны цахилгаан станцаар 100 МВт нэмэгдүүлэх нэмэлт гэрээ хийхээр тохиролцсон. Сүүлд шинэ Төв цэвэрлэх байгууламж барьж буй аж ахуйн нэгжүүдтэй нийт гэрээний үнийн дүнгийн 20 хувьд багтаан нэмэлт гэрээ байгуулж, лагийг ил хатаахгүйгээр боловсруулах үйлдвэр байгуулахаар хэлэлцсэн. Санхүүжилтийг нь хотоос гаргана” гэсэн юм.