Диплом худалдаж авна гээд 30 гаруй сая төгрөгөө залилуулсан иргэн сэрэмжлүүлэг болгох үүднээс манай редакцид хандлаа. Бид асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас тодруулахад 2024 оны байдлаар 87 иргэн диплом худалдаж авахаар залилуулсан байна.
ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙСЭН НЬ ЗАЛИЛАГЧДЫН ӨГӨӨШ БОЛЧИХДОГ
Энэ талаах хохирогч Б ярихдаа, “Миний дипломыг уг нь нэг сарын дотор гаргаж өгнө гэсэн юм. Анх 15 сая төгрөг өгсөн. 11 дүгээр сарын дундуур дахиад мөнгө шаардлагатай болчихлоо гээд, мөнгө нэхсэн. Одоо ч надаас дахиад мөнгө нэхээд байгаа. Би өөрөө цагдаагийн байгууллагад хандаж, өргөдөл гаргая гэхээр, өөрөө хууль бус үйлдэл хийсэн болчхоод байгаа юм. Энэ хүмүүс хууль бус үйлдэл хийснээр нь далимдуулаад, сүрдүүлж барьцаалчихдаг юм байна. Би өөрөө багшилдаг. Цаг хугацаагаа хэмнэе л гэж бодсон. Над шиг хохирсон 4-5 хүн байгаа” гэв.
Бид үргэлжлүүлэн цахим орчинд буй диплом гаргаж өгнө гэх зарын дагуу холбогдоход, 2-14 хоногийн дотор гаргаж өгнө гээд, нийт үнийн дүнгийн 80 хувийг урьдчилсан байдлаар төлөх ёстой буюу эхлээд долоон сая төгрөг төлөх ёстойг хэлэв.
ХОЁР ХОНОГИЙН ДОТОР ДИПЛОМ ГАРГАНА ГЭВ
Тэрээр, “PDF-ээр хоёр хоногийн дотор гарна. 80 хувийг нь эхлээд төлнө. 7.5 сая төгрөг болно гэсэн үг. Дандаа гайгүй л сургуулийн диплом гаргадан. Би чамруу мэдээллийг нь явуулж болно. 5-6 сургуулийн диплом л яг гарна. Монголд ирээд Боловсролын яаманд бүртгүүлэхэд ямар ч асуудалгүй. Дипломоо гаргуулахаар бол нотариат дээр эхлээд уулзах юм. Мөнгөө өгч авалцаж байгаа гэдгээр. Гэрээндээ диплом гаргуулах гэж байгаа биш, тэр мөнгөө надад зээлж байна гээд оруулна. Би 10-20 хүнд диплом гаргаж өгсөн туршлагатай” гэсэн юм.
Залилангийн шинжтэй энэхүү үйлдлийг хийхдээ тэд эхлээд гэрээ байгуулдаг. Гэрээнд диплом авах, зарах тухай ямар ч заалт байхгүй. Мөнгө зээлдүүлж байгаа, эсхүл ямар нэг бараа бүтээгдэхүүн зарах нэрийдлээр буюу хуурамч гэрээгээр залилангийн сууриа тавьдаг тухай цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ХУУРАМЧ ДИПЛОМ БИЧИГ БАРИМТ БОЛЖ ЧАДАХГҮЙ
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн А.Итгэлт: Салбарын яам, тухайн сургуулийн нэр хүндээс эхлээд, ямар нэгэн хувьд хүний өнгөтөөр хэвлээд гаргадаг зүйл биш учраас, битгий ийм заранд итгээч ээ. Бакалаврын дипломыг бол ихэвчлэн 3.5-5 сая төгрөгийн хооронд гаргаж өгнө гэж залилдаг. Хуурамч диплом бичиг баримт болж чадахгүй. Яагаад гэвэл яамнаас төгсөх боломжтой хүүхдийн нэрсийг жилд хоёр удаа авдаг. Мөн яамнаас нэгдсэн нэг дугаар олгодог учраас хуурамч дугаартай давхардана. Та хэчнээн диплом авсан ч, ажил дээр гарахад төрийн албаны шалгалтаар ороод хасагдана. Дээрээс нь хуурамч бичиг баримт ашигласнаараа гэмт хэргийн субъект болох эрсдэлтэй гэлээ.
залилах гэж байгаад залилуулчихсанг карма гэдэг үү хаха