Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү
Хотын дарга Х.Нямбаатар 84 мянган айлын зуухыг татвар төлөгчдийн мөнгөөр сольж өгөхөөр улайран дайрч, үнэгүй олзыг нь отон хүлээж буй зарим айл өрхүүд хороон дээрээ тэмцэл өрнүүлэх болжээ. Зуух солих шаардлагагүй шинэ зуухтай айл өрхүүд хүртэл, “Энэ манай зуух биш, айлын зуух” гээд шинэ зуух авахын тулд хорооны үүд манах нь олширсон талаар ЧД-ийн 21 дүгээр хорооны 8-р хэсгийн ахлаг Ч.Пүрэвсүрэн онцоллоо.
ЗУУХАА СОЛИХ НЬ БИТГИЙ ХЭЛ НҮҮРСЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА
Татвар төлөгчдийн мөнгөөр зуух авахуулах шаардлагатай гэж үзэж буй зарим иргэд дараах зүйлийн хэллээ.
- Гэрээ цоожлоод ажилдаа явсан чинь манай зуухыг хулгайлчихсан байсан. Одоохондоо өөрсдөө солих боломжгүй байна. Миний бие өвдсөн байгаа. Манай нөхөр саяхнаас л ажилд орсон. Цахилгаан халаалтаар сольдог ч юм билүү гэсэн бодол байсан юм. Даанч чадсангүй. Зуухаа хулгайд алдсанаас хойш уламжлалт зуухаа л ашиглаж байна.
- Манайх энэ зуухыг ашиглаад удаж байгаа. Заавал солих шаардлагатай. Өөрсдөө авъя гэхээр 700-800 мянган төгрөг гэх юм. Тийм боломж алга. 2011 онд анх Хас, Өлзий зуух тавьсан. Одоо хэрэглээд 13-14 жил болж байна. Солих шаардлагатай л болчхоод байна. Ширэм нь эврээд дотор талын хөшүүрэг нь уначихсан. Тэтгэврийн насны хөгшин бид хоёр зуухаа солих боломжгүй байна. Нүүрсээ л дөнгөн данган авч байна. Бараг авч чадахгүй байна шүү дээ. Тогоор халдаг юм өгвөл зүгээр байна. Гал түлэхгүй цэвэрхэн шүү дээ.
600 ГАРУЙ АЙЛ ӨРХӨД ЗУУХ ТАРААХ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА
ЧД-ийн 21 дүгээр хорооны 8-р хэсгийн ахлаг Ч.Пүрэвсүрэн энэ талаар ярихдаа, “Зарим айлууд зуухаа сольсон. Сольчхоод дахиж авмаар байна. Үгүй бол та нар дундаас нь авчихна гэсэн хандлагатай байдаг. Зарим айлууд шинэ зуух тавьчхаад, зуух тараана гэсэн сургаар, “Энэ манай зуух биш, айлын зуух” гээд шинэ зуух авахын тулд хорооны үүд манах нь олширсон. Манай хорооны хувьд 600 гаруй айл өрхөд зуух тараах шаардлагатай байгаа. Тэр зуухнуудыг зарим айлууд ашиглахгүй гаргачихсан, зарим нь эвдэрсэн ч гэсэн ашиглаж байгаа” гэв.
ЗУУХ СОЛЬСОН Ч УТАА ГАРНА БИЗ ДЭЭ
Харин нөгөө талд үр дүнгүй гэж болохуйц зуухны төслийг иргэд ухралт мөн гэж үзээд утааны эсрэг илүү дэвшилттэй, үр дүнтэй арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм.
Иргэд:
- Хүмүүс үнэгүй зуух авъя гэдэг л байх. Гэхдээ зарим нь зараад л хаячихдаг шүү дээ. Энэ бол шийдэл биш. Дахиад л утаа гарна биз дээ. Утаа гараад эхлэхээр нь буруу түллээ гээд иргэд рүүгээ л дайрна шүү дээ. Угаасаа л тэгдэг. Зуух солино гэдэг ухралт. Онигоотой санагдаж байна. Ядаж цахилгаанаар халааж болдоггүй юм байхдаа гэсэн бодол төрж байна. Нүүрс түлнэ гэдэг өөрөө ухралт.
- Үнэгүй юманд нугасгүй байхыг буруутгахгүй ч, үр дүнгүй зүйлд хөрөнгө зарахыг дэмжээд сууж байж болохгүй. Алт, монет зүүчхээд зуух авах боломжгүй гээд суухыг ойлгохгүй байгаа.
Иргэдийн дийлэнх нь цахилгаанаар халаалтаа авдаг болохыг хүсэж байгаа тухайгаа илэрхийлсэн ч салбарын сайд Б.Чойжилсүрэн, “Гэр хорооллыг цахилгаанаар халаана гэдэг тансаг хэрэглээ. Ядуу байгаа үедээ чадах зүйлээ хийж, бодит шийдэл ярих нь зүй” гэж байр сууриа илэрхийлсэн.
Шийдэл үгүй утааны асуудалд зарим УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлснийг хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
Өнөөдөр 21 дүгээр зуунд нүүрс түлж дулаацаад, зуухаа өөрчилнө гэдэг бол ичмээр асуудал мөн. Тиймээс газын хэрэглээнд очих ёстой. Энэ шилжилтийг зоригтой эхлүүлэх ёстой гэж би бодож байна.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Зуух солино гэж юу яриад байгаа юм. Тийм зүйл байх ёсгүй гэж бодож байна. Миний хувьд бол орон сууцжуулахыг л шийдэл гэж хардаг. Утаагүй болох төгс шийдэл бол нэг ч яндангүй л болох. Тэгэхгүй энүүхэндээ гал унтраах шийдэл гаргаад байвал тийм хурдан шийдэгдэхгүй.
ТЭДЭНД УТААНЫ ЭСРЭГ ЯМАР Ч ШИЙДЭЛ БАЙХГҮЙ
Утаа, утаа, утаа… Утааны асуудлыг шийдэх үүрэгтэй эрх баригчид мөрөөдлөө яриад байна уу, зүүдээ яриад байна уу гэлтэй, хотоо тэлнэ, цахилгаанаар халаана, газ ашиглана, орон сууцанд оруулна гэж жил дараалан биднийг хошгоруулсаар эцэст нь зуухаа солихоор болов. Хүн төрөлхтөний хөгжлийн суурь гал бий болсноос үүдэлтэй бол монголчуудыг гал мөхөлд хүргэхээр болоод байна. Уншигч та бидний мэдэх ёстой цорын ганц бодит үнэн бол тэдэнд утааны эсрэг ямар ч шийдэл байхгүй.
Ийм л халамжаар угжуулсан, залхуу новшнууд сонгууль өгч байгаа юм ш дээ. Хэний өмнөөс амьдраад байдаг юм бэ? Архи ууна, ажил голно, хулгай хийнэ, худлаа хэлнэ. Монголчууд гэж хаа газар хүний адаг болсоор байх юм даа