
“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга асан Т.Ганболд ҮГ.МН сайтын “Үг сольё” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж гарвал өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр өмнө нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан ч сонгогчдын хангалттай дэмжлэг авч чадаагүй юм. Үүнээс хойш идэвхтэй улс төрөөс хөндийрч, бизнесийн үйл ажиллагаандаа төвлөрсөн.
Харин энэ удаад Т.Ганболд дахин улс төрийн тавцанд эргэн ирж, төрийн тэргүүний сонгуульд бие даан нэр дэвшихээр зэхэж буй бололтой. Учир нь тэрбээр одоогоор ямар нэгэн улс төрийн намын харьяалалгүй бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж гарвал бие даагчийн хувиар нэр дэвшихээ ил тод илэрхийлээд байгаа юм.
Ийнхүү 2020 онд УИХ-ын сонгуульд бие даан хүч үзсэн Т.Ганболд энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд мөн намын дэмжлэггүйгээр, бие даагчийн статусаар өрсөлдөх сонирхлоо илэрхийлсэн нь улс төрийн хүрээний анхаарлыг татаж байна.







