
Энэ сарын 07, 08-нд ихэнх нутгаар агаарын температур эрс нэмэгдэж, халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул халалтын улмаас үүсэж болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгороор, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр бороо орж, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4–9 метрийн хурдтай салхилна. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүсэх боломжтой.
Агаарын температур:
Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг, Байдраг голын эх, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, Алтайн өвөр говийн орчмоор +23…+28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23…+28 градус, говийн бүсийн баруун өмнөд хэсгээр +34…+39 градус хүрч хална. Бусад нутгаар +28…+33 градус дулаан байх төлөвтэй.
Улаанбаатар хот орчимд шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4–9 метрийн хурдтай. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.







