УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Д.Сарангэрэл, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг нарыг Элчин сайд, Консулаар томилох болсон мэдээ чих дэлсэх болов. Уг нь бол Элчин сайд болон Консулын “суудал” ард түмэндээ хаягдсан улс төрчдийн сүүлчийн орогнох газар биш баймаар.
Дээрх мэдээлэлд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг /2024.12.03-нд/ тайлбар өглөө.
Тэрбээр “Энэ бол ор үндэсгүй мэдээлэл. Хамтарсан Засгийн газрын шийдвэрийн хүрээнд гурван намаас нэг, нэг хүнийг томилох шийдвэр гарсан.
- БНСУ-ын Пусан хотод суух ерөнхий Консулаар Ц.Жадамбааг,
- БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгт суух ерөнхий Консулаар Д.Одбаярыг
- Эрээнд суух Консулаар З.Лхагвадоржийг дэвшүүлсэн.
Дээрх нэр бүхий хүмүүс өөрсдөө явах сонирхлоо илэрхийлсний үндсэн дээр нам улс төрийн шийдвэрээр гаргасан байх. Энэ нэрс эхний шатанд л яригдаж байгаа болохоос биш эцэслэж шийдэгдээгүй гэсэн үг. Цаад айлтайгаа зөвшилцөнө. Айл хүлээж авахаа мэдэгдвэл тушаал албажна.
Ер нь бол дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд дипломатууд, мэргэжлийн улс томилогддог. Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх ёстой. Гадаад томилгооны шалгуурыг өндөрсгөх, мэргэжлийн болгох тал дээр миний хувьд сайд болсноосоо хойш ихээхэн анхаарсан. Хугацаатай алба учир өмнөх буруу томилгоонуудыг засахыг оролдсон. Хугацаа нь дуусаад араас нь явах улсын мэргэжлийн байлгахыг эрмэлзсэн. 2022, 2023 онд 30-иад элчин сайд томилогдсон. 2023 онд томилогдсон 23 элчин сайдын 83 хувь нь мэргэжлийн дипломатууд байсан. Төрийн өндөр алба хашиж байсан УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, хэл усны чадвар сайтай хүмүүсийг томилохыг дэмждэг. Томилогдсон хүмүүс тухайн үедээ шүүмжлүүлж байсан байж болох ч тэдний дотор Элчин сайдынхаа үүргийг маш сайн гүйцэтгэсэн, олон улсын харилцааг эдийн засагжуулах тал дээр анхаарч байгаа, иргэдийнхээ асуудалд анхаарч байгаа сайд нар бол байгаа.
2025 онд 23 Элчин сайдын томилгоо хийгдэхээр байгаа. Тодруулан хэлбэл, 23 Элчин сайдын хугацаа дуусаж байгаа” хэмээв.
Дээрх гурван томилгооны тухайд,
Ц.Жадамбаа нь 2024 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон ба Цахим Хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн зөвлөхөөр томилогдсон байдаг. Харин Д.Одбаярын тухайд Үндсэн хуулийн Цэцийн дарга байхдаа, онгоцны үйлчлэгчийн биед халдсан хэрэгт нэр холбогдож байсан түүхтэй. Харин З.Лхагвадоржийн тухайд, ХҮН намын жагсаалтын 11-т багтсан байжээ. Одоогоор УИХ-ын гишүүн Т.Доржхандын зөвлөхөөр ажилладаг аж.
Товчхондоо бол сонгуульд өвдөг шороодсон улсыг л Консулаар явуулахаар болж.