Бид энэ удаагийн дугаартаа хоржоонтой, ёжтой контентоороо цахим орчинд танигдсан Geck буюу Б.Мөнжаргалтай ярилцлаа. Тэрээр яриан дундаа “Хүмүүс намайг “элгийн, мааз гар” гэж ойлгодог. Гэтэл би хамгийн элгийн, хошин шогийн шийдвэр гаргадаг нөхдийг л дуурайдаг, түүгээрээ дамжуулж шүүмжилдэг хүн шүү дээ. Надад фокуслаж намайг үзээсэй гэхээсээ илүүтэй тэр дээр шийдвэр гаргаж буй нөхдөд анхаарлаа хандуулаасай гэж хүсдэг” гэж онцолсон юм.
-Сайн байна уу? Ярилцах саналыг маань хүлээж авсанд баярлалаа. Та бидэнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
-Сайн байцгаана уу? Намайг Батхүү овогтой Мөнхжаргал гэдэг. Анх маркетинг, бизнесийн удирдлага чиглэлээр суралцаж төгсөж байсан. Дараа нь өөрийнхөө сонирхлын дагуу кино найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн байгаа. МҮОНРТ-д 14 жил ажилласан. Энэ хугацаандаа найруулагч, эвлүүлэгч, продюсер, сэтгүүлч, хөтлөгч гээд бүх л албан тушаалд томилогдон ажиллаж байлаа. 2019 оноос хойш өөрийн энтертайнмент агентлагаа нээгээд үйл ажиллагаа явуулж байгаа ийм залуу байна.
-Мөнхжаргал гэдэг нэртэй хүн яаж яваад Geck гэдэг нэртэй болчхов. Нэр нь ямар нэг утгатай юу?
Цахим платформ, мэйл зэрэг хөгжиж эхлэхэд хүмүүс өөрсдөдөө богино нэр эсвэл мөрөөдлийн нэрээ өгч эхэлсэн шүү дээ. Тэр үеэс л өөртөө Geck гэж богино нэр өгсөн гэх үү дээ. Одоо Мөнхжаргал, Мөнхөө гэхээр би өөрөө хэнийг дуудаад байгаа юм бол гэж гайхаж хардаг.
-Дуудах гэснээс гадуур явж байхад нь хүмүүс контентынх нь нэрээр дууддаг уу?
Гадуур явж байхад хүмүүс Llr.mn-ы Дагзхүү явж байна. Llr.mn явж байна. Дэмждэг шүү гээд машинаасаа орилох, гар барих тохиолдлууд байдаг. Өөрийн барьж байгаа өнцгөө битгий алдаарай, шүүмжлэл,дуу хоолойгоо битгий алдаарай гэж урам зориг өгөх хүмүүс цөөнгүй байдаг.
-Та яагаад яг улс төрчдийг дуурайж, ёжилж контент хийх болсон юм бэ?
Ер нь нэгэнт л энэ цаг үед энэ нийгэмд амьдарч байгаагийнх бид нар ямар нэгэн байдлаар болж бүтэхгүй байгаа зүйлд шүүмжлэлтэй хандаж дуу хоолойгоо хүргэж байх ёстой гэж боддог. Би өмнө нь төрийн байгууллагад ажилладаг байсан. Өөрийнхөө үзэл санаа болон болж бүтэхгүй байгаа шийдвэрүүдэд шүүмжтэй хандаад цахим хаяг дээрээ байр сууриа илэрхийлнэ. Тэгээд удаа ч үгүй дарга өрөөндөө дуудаж байна аа л гэдэг. Яасан бэ дарга гээд орохоор яагаад ийм янз бүрийн пост бичээд байгаа юм устга гэх мэтээр шахалт үзүүлнэ. Энэ мэтээр хүний хувийн орон зай руу маш их халддаг. Тэр үед их л сонин санагддаг байсан. Одоо хүртэл төрийн байгууллагуудад энэ мэт дарамт шахалт байж л байдаг. Тэгээд 2019 онд ажлаасаа гараад өөрийн хувийн студиэ байгуулсан. Тэр үеэс л энэ нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг чөлөөтэй илэрхийлнэ, үзүүлнэ гэж шийдсэн дээ.
-Таны контентын сэдвүүд цаг үетэйгээ нийцсэн хэр нь өнцөг нь маш сонирхолтой, хоржоонтой байдаг. Ер нь сэдэв, өнцгөө хэрхэн эрэл хайгуул хийж, бодож олдог юм бэ?
-Өдөр болгон л хошин шогийн шийдвэрүүд, өдөр болгон ард иргэдээ бодоогүй төр засгийн бодлогууд хэрэгжиж шийдвэр гарч байгаа энэ бол өдөр тутам сэдэв гарч байна аа л гэсэн үг. Маш баялаг шүү дээ. Эсвэл бид бүхнийгээ, 3.5 сая хүн амаа хөгжилтэй байлгах гээд албаар ийм сонин сонин шийдвэрүүд гаргадаг юм болов уу гэж заримдаа үнэхээр боддог шүү.
-Байгуулагынх нь нэр юу билээ. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна?
Манайх Wello гэдэг нэртэй энтертайнмент агентлаг. Баримтат кино, реклам, байгууллага болон хувь хүний маркетинг гээд контент суурьтай бүхий л чиглэлд хүч үзэж байна. Ер контент хийдэг хүмүүсийн мөрөөдөл нь уран сайхны болон баримтат кино хийх шүү дээ. Манайх баримтат кино их хийдэг. Түүндээ их дуртай уран бүтээлийг зохиол, үг үсгээс нь авхуулаад сэтгэлээ шингээж хийж байгаа учраас. Үүнийхээ зав чөлөөгөөр өөрийнхөө богино контентуудыг хийдэг дээ.
-Цомхон ч гэсэн байгууллага удирдаад ажилчдаа цалинжуулаад явна гэдэг одоогийн нөхцөлд хэр байна?
-Амаргүй шүү дээ. Ингэж би бизнес эрхэлнэ гэж байхгүй ээ, ингэж өөртөө стресс хурааж,зовж амьдарна гэж байхгүй гээд л заримдаа бодно. Ажилчдынхаа цалингийн төлөө л амьдраад байгаа юм шиг сонин байдалтай үе зөндөө байдаг. Шантардаг үе бий. Гэхдээ одоогийн нөхцөлд бид нарт шантраад зогсох боломж нөхцөл байхгүй гэх үү дээ. Гүрийгээд л хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэх л ёстой. Би татварын хувь хэмжээ, татварын хуулийг эсэргүүцдэг. Энэ нь үнэхээр зөв зарцуулагддаг бол бид нар үнэхээр аз жаргалтай май улс минь гээд өгнө шүү дээ. Гэтэл хаашаа орсон нь мэдэгдэхгүй дэмий зүйлсэд зарцуулаад үр ашиггүй төсөв батлаад байхаар шал дургүй хүрдэг. Бид нар ялангуяа бизнес эрхлэгч бүх байгууллагууд татвар, нийгмийн даатгалын эсрэг байгаа. Энэ нь бид нарт маш том ачаа болж байгаа гэдгийг хэлэхдээ баяртай байна аа.
Үнэээн. Энэ татварын дарами хэрээс хэтэрлээ. Бидний төлсөн татварыг ямар ч үр ашиггүй зүйлст маш их зарцуулж байна.