
Түрээслээд өмчлөх орон сууц буюу “Солонго 1,2” төслийн талаар УИХ-ын ээлжит чуулганы үеэр Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээлэл өгсөн. Тэрбээр “Солонго 1,2” төсөл нь анх удаа төр, хувийн хэвшил хамтарсан, нөхцөлт зээлээр олгогдож буй орон сууцны төсөл юм. Төслийн сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 10-аас эхлэн 14 хоногийн хугацаанд цахимаар хийнэ.
Э.Бат-Амгалан: Хотын төвийн орон сууцны нэг метр квадратын үнэлгээ одоогоор 4.7 сая төгрөг орчим байгаа. Манай байгууллагаас улирал тутам гаргадаг судалгаанууд бий. Мөн төрийн бус байгууллагууд, холбоод, ассоциациуд өөрсдийн судалгааг гаргадаг. Тухайн судалгаануудаар хотын төв орчмын орон сууцны нэг метр квадратын үнэ 4.7 сая төгрөгийн түвшинд байна. Харин “Солонго 1, 2”-ын хувьд анхны гэрээгээр нэг метр квадрат нь 4,428,000 төгрөгөөр борлуулагдахаар туссан.
Мөн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгон бууруулж, 50 хувиар багасгахаар зохион байгуулж байна. Ингэхдээ зорилтот бүлгийн есөн ангилалд багтах иргэдийг хамруулах бөгөөд урьдчилгаа төлбөрийн хэмжээг ийнхүү бууруулж, ипотекийн зээлд хамруулах зохицуулалт хэрэгжиж байна. Мөн бүсчлэлийн хувьд ипотекийн зээлийн хүүг зургаан хувь байхаар зохион байгуулж байгаа.
Уг байрны нэг мкв-ийн үнэлгээг 4.428.000 төгрөг гэж тогтоосон
Харин орон сууцны метр квадратын үнийг яам, сайдын түвшинд дур мэдэн нэмэх, бууруулах эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг Э.Бат-Амгалан сайд хэлсэн. Тухайн орон сууцны үнэ нь анх авсан зээл, санхүүжилтийн хүрээнд хэрэгжиж буй ажлын нөхцөлтэй уялдсан бөгөөд яамнаас дур мэдэн үнэ тогтоож, “ийм үнээр зарах ёстой” гэх байдлаар нэмэлт үнэлгээ хийх боломжгүй гэсэн тайлбар өглөө.Түүнчлэн төрийн оролцоо, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон нөхцөлт зээлийн хүрээнд хэрэгжиж буй орон сууцны хөтөлбөрийг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим системээр бүртгүүлсэн иргэдийн дунд ижил нөхцөлтэй хоёр иргэнээс хэнийг орон сууцанд хамруулахыг 100 онооны системээр эрэмбэлэн шийдвэрлэх бөгөөд ингэснээр хүний оролцоо, нөлөөллийг багасгах боломжтой гэж тайлбарлав.










