Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дөрвөн жил есөн сар хорих ялыг хэвээр үлдээлээ. Шүүхийн шийдвэртэй холбоотой Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид мэдээлэл өгч байна. Шүүх хуралд нийт найман өмгөөлөгч оролцсон. Тэд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэв..
Энэ үеэр өмгөөлөгч Р.Булгамаа “Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг өнөөдөр монголын ард түмэн чих тавин харлаа. Гэхдээ хүний эрхийн маш ноцтой зөрчил гарч байгааг би нүдээр үзлээ. Өнөөдрийн шүүхийн шийдвэр бол Монгол Улсад хүний эрхийн байдал ямар байгааг харуулах ач холбогдолтой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх гэдэг маш товчхон шийдвэр гаргасанд сэтгэл дундуур байна. Хуульч хүний хувьд хэлэхэд, хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд тайлбарлах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Өөрөө ч хараад итгэмээргүй олон ажиллагааг нүдээр үзлээ. Энэ тухай ярих гэхээр маргааш 461 дүгээр ангид хоригдох байх гэдгээс айж байна” гэлээ.