Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж, “Хятадын олон улсын импортын VII ЭКСПО”-д оролцож байгаа.
Тус ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан багтаж буй бөгөөд энэ үеэр зарим албан уулзалтыг хийлээ.
Тухайлбал, БНХАУ-ын Зах зээлийг зохицуулах ерөнхий газрын дарга Луо Вэньтэй уулзан санал солилцож, улмаар “Стандартчиллын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү ойлголцлын санамж бичиг нь Монгол Улсын үндэсний бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлд том үр нөлөө авчрах баримт бичиг юм.
Монгол Улсын Засгийн газраас худалдааг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад онцгой анхаарч байна.
Манай улс БНХАУ-тай стандартчиллын чиглэлээр ойлголцож, хамтран ажилласнаар зөв зүйтэй технологи сонгох, нутагшуулах, норм нормативыг нийцүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах бололцоо нээгдэх юм.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Манай орны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх бололцоогүй мэтээр ойлгож ирсэн нь хоёр улсад мөрдөгдөж буй стандартын ялгаа заагаас их шалтгаалдаг. Гэтэл аливаа улсын үйлдвэрлэгчид олон улсын өртгийн сүлжээнд бүтээгдэхүүнээ нийлүүлэх замаар өсөж хөгждөг.
Бидний хувьд бүс нутгийн интеграцид идэвхтэй хамрагдахын тулд чанар стандартын нэг ижил ойлголцолтой болох ёстой. Дэлхийн банкны гаргасан судалгаагаар, хөгжиж байгаа орнуудын экспортын дийлэнх хувийг жижиг, дунд бизнес эзэлж байдаг.
Азийн орнуудад экспортын 10-30 хувийг эзэлдэг бол манай улсын хувьд экспортын 2.3 хувийг л жижиг, дунд бизнес эзэлж байна. Энэ бол тун хангалтгүй үзүүлэлт юм
Өөрөөр хэлбэл, бидний бараа бүтээгдэхүүнээ гадна зах зээл рүү гаргахад асар их саад бэрхшээлтэй тулгарч байгаа гэсэн үг.
Тэдгээр саад бэрхшээлийг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор өнөөдөр энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна” гэлээ.