Аутизмтай хүмүүс…
Тэд бидэн шиг мэдрэмжээ илэрхийлж, харилцаанд орж чаддаггүй ч яг тан шиг мэдэрч, яг тан шиг шаналж, яг тан шиг баярладаг. Тэдэнд өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн харилцаанд орох орон зай хэрэгтэй. Харин энэ орон зайг та бид бүтээж өгөх учиртай юм.
Бид энэ удаа Буянбилэгт хүүгийн ээж Б.Солонготой ярилцлаа. Тэрээр хүүгээ аутизмын эмгэгтэй гэдгийг гурван настай байхад нь мэдэж, шаналах үе байсан ч хойш сууж гутралгүйгээр, нийгэмд тэднийг ойлгох, хүлээн зөвшөөрүүлэх гүүр болохыг хичээн амьдарч байна. Хэн нэгний хүйтэн харц, санамсаргүй хэлсэн бодлогогүй үгс байнгын асаргаанд байдаг хүмүүсийг нийгмээс түлхэж, ганцаардлын гүнд унагаадаг талаар тэр онцолсон юм.
БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ХҮҮХДҮҮД ЭНГИЙН ХҮҮХДҮҮД ДУНД БАЙЖ Л ХӨГЖДӨГ
-Ярилцах санал хүлээн авсан танд баярлалаа. Буякагийн хичээл хэр байна даа? Сургуульдаа дасаж амжив уу?
-Санал тавьсанд баярлалаа. Манай Буяка одоо хоёрдугаар анги. Угаасаа шинэ орчинд орохоор маш их стресстэнэ. Миний хувьд хүүгийнхээ багштай нь маш сайн ойлголцож ярилцдаг. Азаар манай Буякагийн цэцэрлэг, сургуулийн багш нь маш сайн хүмүүс байдаг юм. Биднийг ойлгодог гэх үү дээ. Аутизмтай хүүхдүүдийн хамгийн сайн эмчилгээ бол эрүүл хүүхдүүдтэй ойр байх явдал. Тэгж байж харилцаанд орж эхэлж байгаа юм. Аав ээжүүд ч мөн хүүхдүүдээ гадуур авч яваад, маш сайн ярилцах чухал. Харж байгаа бүх зүйлсийг нь ярина. Мэдрэмжээ илэрхийлэхэд нь тусална. Юу мэдэрч байгааг нь ойлгуулах гэж хичээнэ. Тэгж байж илүү сайн нийгэмшдэг.
-Хичээлдээ явах дуртай байдаг уу?
-Гурван цаг хичээл дээр байлгана гэдэг манай хүүхдийн хувьд шийтгэл шүү дээ. Хичээл хийнэ гэхээр л муурч унаад алга болчихдог юм. Харин баримлын шавраа барихаар ширээнийхээ ард хэдэн цагаар ч хамаагүй төвлөрөөд суучихдаг. Хүмүүст аутизмын талаар зөв ойлголт өгөх гээд л хичээж байна. Нийтлэг буруу ойлголттой яваад байгаа юм. Харилцахад хэцүү ч гэдэг юм уу. Эсвэл галзуу хүүхэд гэж ойлгоод байдаг.
-Тэднийг ойлгодоггүй, гадуурхдаг хандлага түгээмэл гэсэн үг үү?
-Хаа сайгүй гарна. Автобусанд явж байхад хүүхэд хүртэл муухай хардаг. Миний хүү өөрийгөө хянаж чадахгүй шүү дээ. Чанга ярих үедээ ярина. Одоо бол хөөрхөн хүүхдээрээ байгаа юм. Миний хажууд, халамжид байна. Ирээдүйд миний хүүхэд яаж амьдрах вэ. Нийгэм яаж хүлээж авах бол, бие дааж амьдарч чадах болов уу, би энэ хүүхдийн хажууд хэдэн нас хүртлээ хамт байх бол гээд олон зүйл бодоход хүргэдэг. Ямар ч байсан би одоо өвдөх, үхэх эрхгүй. Хүүхдээсээ түрүүлж үхэх эрхгүй болчхоод байгаа юм.
Энгийн хүмүүс тийм хандлага гаргахад би тэднийг буруутгадаггүй. Эргэн тойронд нь байнгын асаргаа шаардлагатай хүн байхгүй байгаа нь азтай. Мэргэжлийн хүнээс тийм хандлага гарахад нэг удаа би үнэхээр шокт орсон. Нэг эмчид хүүгээ үзүүлээд явж байсан чинь, “сайхан байгаа биз, зүгээр л улсаас мөнгө аваад” гэж эмч хүн хэлж байгаа юм. Тангараг өргөсөн хүн байж гээд л маш сонин болсон. Тэр өрөөнөөс би яаж гарснаа ч санадаггүй.
“ХҮҮХЭД НАМАЙГ ЯВ ГЭЖ БАЙНА. УУРЛАЖ БАЙНА” ГЭЖ ЯРИХ ХҮҮГЭЭ ӨРӨВДСӨНДӨӨ ИХ БАЧУУРСАН
Рийл дээрээ Буякагийн ярьж байгаа хэсгийг л оруулдаг болохоор хүмүүс маш сайн ярьдаг гэж бодоод байгаа юм. Яг үнэндээ сэтгэл хөдлөлөө, өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Ууралсан байхдаа уурласнаа, гомдсон байхдаа гомдсоноо тэр илэрхийлу чадахгүй. Хичээлээ тараад ирэх болгонд нь, анги дээр нь юу болсон, яасан гээд л би шалгаадаг юм. “Хүүхэд намайг яв гэж байна. Тэр хүүхэд уурлаж байна” гэдгээ хэлдэг. Яагаад яв гэсэн юм. Яагаад уурлаад байгаа юм гэдэг зүйлийг харин хэлж мэдэхгүй. Түүнээс цаашаа ярьж чадахгүй. Яг тийм тохиолдолд өөрийгөө тусгаарлаад надтай ч ярих дургүй болчихдог. Аль болох хүүхдээсээ хол биш ойрхон л байх юм сан гэж хүсдэг.
-Аутизмтайг нь хэзээ оношлуулсан бэ?
-Аутизм бол өвчин биш эмгэг. Насан туршдаа ийм л байна. Эдгэрнэ гэдэг зүйл байхгүй. Шинж тэмдэг нь буурна л гэж байгаа. Тэгэхийн тулд сайн харилцах хэрэгтэй. Би хүүгээ ой дөрвөн сартайгаас нь ажиглаж эхэлсэн. Өөр байгааг нь гэсэн үг. Гурван настайд нь дунд хэлбэрийн аутизмтай гэж оношлуулсан. Анх мэдчихээд, хүлээн зөвшөөрч чадахгүй яагаад гэх бодол их байсан. Яагаад надаас аутизмтай хүүхэд төрчхөв гээд л. Түүндээ маш удаан шаналсан.
-Бид тэднийг ойлгохын тулд юу хийж чадах вэ?
-Нэг их өрөвдүүлэх гэсэндээ биш. Хүлээгээд авчхаач ээ гэж бодоод байгаа юм. Түүнээс биш биднийг өрөвдөөд онцгой анхаараад өгөөч гэж байгаа зүйл байхгүй. Бид зүгээр нийгэмд тэгш эрхтэй оролцмоор байгаа юм. Ямар нэг юм болохоор хааж боодог. Тэгш хамруулах хуультай ч улсын сургууль, цэцэрлэг бусад ээж аавуудаас манайх танай хүүхдийг авч чадахгүй. Танай хүүхэдтэй ажиллаж чадахгүй гээд шууд татгалздаг гэж байгаа юм. Ийм байдлаа л больчих л доо. Сэтгэл хөдлөл мэдрэмжээ л зөв илэрхийлж чадахгүй байгаа болохоос яг л адилхан хүүхэд шүү дээ. Тэгш эрхтэй оролцохыг, зүгээр л байгаагаар минь хүлээн зөвшөөрчих. Түүнээс биш хүн айж зугтаагаад байх асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна.
-Ярилцасанд баярлалаа.