
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Г. Занданшатарт Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдсон явдалд нь баяр хүргэж, захидал бичжээ.
Тэрээр, “Миний бие анх танай улсад 1979 онд айлчилж байсан билээ. Түүнээс хойш Монгол улсад хийсэн айлчлал болгон минь зөвхөн халуун дулаан, сайхан дурсамж болон үлдсэн билээ. Хөгшин, залуугүй бүх монголчууд хувь хүний үнэ цэн, үнэт чанарыг эрхэмлэх явдалд тэмүүлж, уламжлалт Буддын шашны эрдэм мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулах шаардлагатайг онцолж байгаа явдлаас маш их урам зориг авч байна. Монголчууд болон түвдүүд түүхэндээ яг л ихэр эгч, ах дүүс шиг байсныг та бид мэднэ. Дээрхийн Гэгээнтэн III Далай лам Соном Гяцогоос хойших бүх Далай лам нар Монголын ард түмэнтэй онцгой бөгөөд ойр харилцаатай байж ирсэн билээ. Монголд өөр бусад шашнууд дэлгэрсэн ч Буддын шашин нь монголчуудын амин чанар, соёл уламжлал, амьдралын үзэл санаа бүрэлдэхэд чухал түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Бурхан багшийн сургаал нь хүн төрөлхтний гол үнэт чанарууд болох энэрэл нигүүлсэл, хүчирхийллээс татгалзах явдлыг эрхэмлэдэг. Учир гэвэл эдгээр нь хувь хүний итгэл үнэмшилтэй зөрчилдөхгүйгээр бүх хүнд ашиг тусаа өгдөг билээ. Та болон таны бүрдүүлсэн засгийн газар эдгээр үнэт зүйлсийг хадгалан хамгаална гэдэгт итгэж байна. Монгол Улс өнгөрсөн жилүүдэд бүх салбарт асар их ахиц дэвшил гаргасан явдлыг миний бие бахдан биширсээр ирсэн билээ. Эдгээр ахиц дэвшил нь ядуу амьдралтай, зовж зүдэрсэн монголчуудын амьдралыг сайжруулж чадваас бүр ч их утга учиртай болох юм” хэмээн бичжээ.
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Монгол улсын Ерөнхий сайд Г. Занданшатарт хэцүү цаг үед Монголын ард иргэдийн итгэл найдвар, хүсэл тэмүүллийг биелүүлэхэд нь амжилт хүсэн захидлаа өндөрлүүлжээ.
Эх сурвал: dalailama.com