
В.Ганзоригийг уурхайн лицензтэй холбоотой хэрэгт цагдан хорьсны дараа хууль хяналтын байгууллагын ажилтнууд нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өглөө.
Цагдаагийн байгууллагад 2026 оны зургаадугаар сарын 28-нд иргэнээс гомдол ирүүлжээ. Тус гомдолд Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг В.Ганзоригоос таван сая ам.доллароор худалдан авахаар гэрээлж, 2022 оны гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 14.7 тэрбум төгрөг шилжүүлэн залилуулсан гэж дурдсан байна.
Өмнө нь хэвлэлд мэдээлснээр, В.Ганзориг “Глиймстар” ХХК-ийн эзэмшлийн MV-021972 дугаартай тусгай зөвшөөрлийг “Вайнд майнд” ХХК-ийн захирал асан Г.Ариунболдод 2022 оны гуравдугаар сарын 15-нд таван сая ам.доллароор худалдах гэрээ байгуулжээ. Гэрээний төлбөр болох 14.7 тэрбум төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр бүрэн шилжүүлсэн ч В.Ганзориг уг тусгай зөвшөөрлийг 5000 төгрөгөөр буцаан авсан гэх мэдээлэл гарсан юм.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, гомдол гаргагч тусгай зөвшөөрлийг худалдан авсныхаа дараа 50 метрийн хөрс хуулалт хийж, үйл ажиллагаандаа нийт 41.9 тэрбум төгрөг зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Гэвч ийм нөхцөл байдал үүссэн байхад В.Ганзориг бусдыг хуурч, зохиомол байдал зориудаар бий болгон компанийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авсан байж болзошгүй гэж үзсэн байна.
Иймд түүнийг их хэмжээний мөнгө залилсан үндэслэлээр 2026 оны наймдугаар сарын 4-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Мөн В.Ганзоригийг 2022 оны аравдугаар сараас 2025 он хүртэл Бүрэгхангай сумын нутагт хууль бусаар их хэмжээний ашигт малтмал олборлож, байгаль орчинд хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгаж байна. Энэ хүрээнд нийт 74 техникийг хураан авч, үйл ажиллагааг нь зогсоожээ.
Түүнчлэн В.Ганзориг өөрийн болон компанийн дансаар их хэмжээний орлого хүлээн авсан ч татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Харин цахим орчинд тархсан, уг хэрэгт цагдаа болон прокурорын байгууллагын ажилтнууд нөлөөлсөн гэх мэдээллийн талаар ЦЕГ-аас “Одоогоор цагдаа, прокурорын байгууллагын ажилтан оролцсон, нөлөөлсөн нөхцөл тогтоогдоогүй” гэж мэдэгдэв.
Мөн В.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хуульд заасан журмын дагуу авч, өмгөөлөгчтэй нь хамт мэдүүлэг, тайлбар аван оролцогчийн эрхийг хангасан гэж тайлбарлалаа.
Видео:
Эх сурвалж: Isee.mn, ЦЕГ









