Монгол ахуйд “дурласан” орос эмэгтэй, малчин айлд өвөлжих шийдвэр гарган, амьдралаа шинээр эхлүүлэхийг зорьжээ. Тэрээр чимээ шуугиантай хотын амьдралаас залхах болсноо хуваалцахын дээр аялахад заавал мөнгөтэй байх шаардлагагүй гэдгийг онцолсон юм.
Энэ талаар ОХУ-ын иргэн, аялагч Ксения ярихдаа, “Аялаx бол миний хамгийн дуртай зүйл. Амьдралыг утга учиртай болгож, өнгө нэмдэг зүйлсийн нэг бол яах аргагүй аялал мөн. Би энэ өвөл монголын хөдөө, малчин айлд амьдрахаар төлөвлөсөн. Дараагийн аялал маань Казахстан байх болно. Аялахад мөнгө тийм ч хэрэгтэй биш. Би одоо 40 настай. Надад их мөнгө байхгүй ээ. Анхныхаа аялалд зарцуулах мөнгийг үс засаж олохоор шийдсэн. Өнөөдөр гурав дахь үсээ засаад байна.
Энэ өвлийн аяллаа би тэсэн ядан хүлээж байгаа. Аялал бол нэг талаараа сургамж. Монгол ахуй надад олон шинэ зүйлийг заана гэдэгт итгэлтэй байна. Тэндээс би шинэ амьдралаа эхлүүлнэ. Үнэндээ би хотын стресстэй амьдралаас жаахан залхсан. Амар тайван хэрнэ, адал явдалтай тийм л амьдралыг хүсэх болсон. Оросын залуус Монголын талаар тийм ч сайн мэддэггүй. Би Буриад найзуудаараа дамжуулж, монголыг бага зэрэг мэддэг болсон. Анхны аяллаа эндээс эхлүүлэхэд The Hu хамтлаг нөлөөлсөн гэж болно.
Надад хоёр охин бий. Том охин минь 23 настай. Бага нь 15 настай. Тэд биеэ даах насанд хүрсэн. Том охин минь одоо Коллежид судаг. Бага нь харин аавтайгаа амьдардаг.
Монгол их хүйтэн гэдгийг мэдэх ч, би хүйтэнд орчинд амьдарч сурсан. Дээрээс нь монгол хоол маш амттай учраас дасан зохицоход хялбар гэж бодож байна.
Миний хувьд Москвад эмэгтэй үс 4000 рублиэр засдаг. Энд харин үнийн тариф тогтоогоогүй. Үйлчлүүлэгчид сэтгэлээрээ хандивлах болно. Миний анхны аяллыг дэмжиж, надаар үсээ засуулахыг урьж байна” гэлээ.
Ташрамд дурдахад тэрээр 12 дугаар сарын 18-наас үүргэвчтэй аяллаа эхлүүлэх юм. Харин энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Тэнгис кино театрын ард, 2А байрны Dream үсчин гоо сайхны газар үйлчлүүлэгч та бүхнийг хүлээн авна.