“Оскар”-ын наадамд оролцох боломжтой кинондоо “гишүүд дэмжээгүй” гэдэг тодорхой бус шалтгаанаар Монголын Кино урлагийн зөвлөл “хилийн хориг” тавьсан нь мэргэжлийнхнийг бухимдуулж байна. Ядаж мэргэжлийн ийм тийм шалгуур, шаардлага, нөхцлөөс болоод дэмжээгүй гэх ямар ч тайлбар байхгүй зүгээр л “дэмжээгүй” гэдэг тодорхой бус үндэслэл хэлсэн байна. Нөгөө “Гарьд магнай” кинон дээр Богдын хатан “энэ наадам таалагдахгүй байна. Би үзэхгүй” гэдэг шиг улстөрийн сонгуультай жил учраас эрх баригчид нийгмийн үнэн бодит асуудлыг хөндсөн киног хааж, хавчаад улстөрийн нөлөөллөөр Кино урлагийн зөвлөлийнхнийг шахаанд оруулсан уу. Монголын кино урлагийн хөгжлийн 100 жилийн түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлээд байгаа монгол киногоо монголчууд нь дэмжихгүй байгаа нь хэний захиалга вэ гэсэн хардлага улстөрчдийг тодруулбал, эрх баригчдыг чиглээд байна. Үнэхээр ядуурал, утаа, архидалт, хүүхдийн хүчирхийллээс ичсэн эрх баригчид кино урлагийн салбарыг удирдаж, уран бүтээлчдийг хянадаг болсон уу.