Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог, Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид дүүргийнхээ ард иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ынхорооны дарга Х.Нямбаатар төрөлх дүүргээ төлөөлөж нийслэлд нэр дэвшиж буй 6 нэр дэвшигчдэд баяр хүргэж амжилт хүслээ.
Нийслэлийн МАН-аас “Хотын сэргэлт-20 минутын хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж, хүний хэрэгцээг цөм бүрэн байх, 20 минутын дотор төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Дүүрэг, нийслэл, Засгийн газрын түвшинд нэг зорилготой эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын өгөөжийг иргэн бүрд хүртээх, эрчим хүч, дэд бүтэц, авто замын байгууламж, инженерийн шугам сүлжээ, дэд төвүүд, орон сууцжуулах хөтөлбөрөө амжилттай дуусгах, хөгжлийн их тэсрэлтийн үе ирснийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.
Тэрбээр төрөлх Баянгол дүүрэгтээ нэр дэвшиж буй нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн талаар хэлэхдээ “Ж.Батбаясгалан бид хоёр залуу наснаасаа дүүрэг, нийслэлийн хөгжилд хамт зүтгэж ирсэн. Түүний ажил амьдрал нийслэл, тэр дундаа Баянгол дүүрэгтээ салшгүй холбоотой юм. Бид нийслэл хэмээх их айлаар овоглосон хамтран зүтгэгчид. Нийслэлийн ажил, амьдралыг Ж.Батбаясгалан шиг сайн мэддэг хүн ховор. Хийсэн ажлаа дуусгаж чадах, хамгийн гол нь итгэл даадаг залуугаа Баянголчууд дэмжихийг хүсье”гэлээ.
Дашрамд дурдахад, Баянгол дүүргийн ИТХ-д эмч, багш, инженер, эдийн засагч, хуульч, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 41 хүн нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 25 настай бол ахмад нь60 настай байна. Баянголын хуралд нэр дэвшигчид төрөлх дүүрэгтээ “Тогтвортой хөгжил”-ийг авчрах уриатай оролцож байна.