“Хувьсал” продакшны шинэ уран бүтээл “Хувь заяа” УСК-ны дуу зохиогчийн эрхийн асуудалтай талаар цахим орчинд шуугиж эхэллээ.
Энэ талаар “Хүмүүний нэгэн урсгал” дууг олны хүртээл болгосон АЖ Ш.Чимэдцэеэ, “Шүлгийг нь миний үеэл зохиож, нэрийг нь би өөрөө өгч энэ дуу надад л зориулагдан бүтсэн. Бүр 2021 онд дуу маань бэлэн болсон ч жил гаруй ноцолдож байж студид бичүүлсэн. Би ямарваа дууг өчигдөр нь хальтхан сураад маргааш нь дуулчихдаг дуучин биш ээ. Мөнгөнцэцэг буруугүй, тэр киноны продюсер Цоггэрэл л намайг аллаа. Над руу нэг залгаад “Хүмүүний нэгэн урсгал” дууны хөгжмийг кинондоо ашиглах гэсэн юм гэснээс биш киноны дуу болгож, өөр хүнээр дуулуулах гэж байна гэж огтоос хэлээгүй. Би ээжийгээ гурван удаа алдаж үзлээ. Улаан цоройгоо цувуулж цагаан цоройгоо цоолж төрүүлсэн Цэрэн гэдэг хүнийг алдаж үзлээ. “Тэнгэр ээж минь өршөө” дуугаа “Солиот эх” киноны дуу болгож алдаж үзлээ. “Хүмүүний нэгэн урсгал” гэж өөрөө нэр өгсөн дуугаа нутгийн дүү “хүзүү” Гончиг гуйн хүү Цогоод насны нар хэвийхэд алдаж үзлээ. Мөн ч хэцүү заяа юм аа. Гэхдээ Монголын их ард түмэн шүүх биз ээ. Түр завсарлая” гэжээ.
Харин “Хувьсал” продакшн тайлбарлахдаа, “Хүмүүний нэгэн урсгал” нэртэй энэхүү дуу киноны утга агуулга, өнгө аясад зохицож байгааг харгалзан үзээд, дууны зохиогчдын санал хүсэлтээр болон зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгээр “Хувь заяа” УСК-ны дуу болгон сонгосон . Мөн эх дэлхийн хүн бүхэнд зориулан бүтээсэн энэхүү киноны өнгө аясад дууг нийцүүлэн дахин амилуулсан дуучин Х.Мөнгөнцэцэгт талархал илэрхийлье гэжээ.