Зургаадугаар сарын 28-нд УИХ-ын ээлжит сонгууль болж, сонгуулийн дүн гарсан. Үүнтэй зэрэгцэн МАН эвслийн засгийн газар байгуулах талаар ярьж байгаа. Үүн дээр иргэд олон талын байр суурь илэрхийлж байна. Зарим судлаачид сөрөг хүчнийг дэмжсэн иргэдийн саналыг эвсэлдүүлэх нь сонголтыг нь үгүйсгэж байгаагаас өөрцгүй явдал гэх байр суурийг илэрхийлж буй юм.
Энэ талаар Цогц хөгжлийн төв ТББ-ийн гүйцэтгэх захирал, судлаач М.Энхбадрал ярихдаа, “Сонгуулийн үндсэн зарчим бол УИХ-д олонх болохуйц суудал авсан бол дангаараа Засгийн Газраа байгуулах. Бусад нь сөрөг хүчний чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Үндсэн зарчим нь энэ. Анхнаасаа хамтарсан засгийн газар байгуулах зорилготой байсан бол сонгуульд өрсөлдөхдөө л хамтрах хэрэгтэй. Иргэдийн нийгмийн захиалга, хүлээлт юу байгааг заавал тооцож үзэх хэрэгтэй. Тэд яагаад АН, ХҮН, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон намд саналаа өгсөн гэхээр, тодорхой хэмжээнд сөрөг хүчнээ бэхжүүлэх, эрх баригчдад хяналт тавих, хязгаарлах зорилго дийлэнх сонгогчдод байгаа. Үндсэндээ сөрөг хүчнийг дэмжсэн иргэдийн саналаар эвслийн засгийн газар байгуулах юм бол утга учир, зорилгыг нь үгүй хийж байгаагаас ялгаагүй. Тиймээс олонх болсон нь засгаа байгуулаад, сөрөг хүчин нь сөрөг хүчин болох хэрэгтэй. Учир нь парламентад хяналтын чиг үүргийг сөрөг хүчин хэрэгжүүлж байдаг. Эрх баригчид өөрсдийгөө хянах боломжгүй. Сөрөг хүчин байж эрх баригчдаа хянадаг. Үүнд хяналтын сүр оршдог. Үгүй гэвэл бүгд нийлээд, товчхондоо буруутгах зүйлгүй болно л гэсэн үг. Энэ янзаараа үргэлжилбэл бид сонгууль явуулж, нэгийг нь эрх баригч нөгөөг нь сөрөг хүчин болгох шаардлагагүй” гэлээ.
Бид үргэлжлүүлэн иргэдээс эвслийн засгийн газар байгуулахыг дэмжиж байгаа эсэх талаар тодруулахад:
- Бодит байдал дээр аль ч нам улс орныхоо төлөө ажиллахгүй. Улс төр нь түрүүлж, дээгүүрх томчууд нь тохиролцож байгаа л асуудал. Олон нийтэд гоё, гэгээн өнцөг гаргаж байгаа л асуудал. Ямар ч ялгаагүй. Миний дэмжих дэмжихгүйгээс үл шалтгаалаад, улс төр, тохиролцоо нь түрүүнд явна гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй.
- Сөрөг хүчин дангаараа үзэл бодлоо илэрхийлээд явсан дээр.
- Дэмжиж байна. Бид сонгосон юм чинь. Харин одоо улс төрчид өөрсдийнхөө төлөө биш, ард түмний төлөө ажиллаад явбал би баярлана.