УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах бөгөөд УИХ 126 гишүүнтэй болох юм. Үүний 48 нэр дэвшигчийг жагсаалтаар, 78-ыг тойргоос сонгохоор хуульчилсан билээ. Өөрөөр хэлбэл 78 гишүүнийг мажоритар буюу олныг төлөөлөх уламжлалт аргаар, 48 гишүүнийг пропорциональ буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Энэхүү холимог тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд сонгуулийн саналын хуудас хоёр байх юм.
Сонгогчид нэг саналын хуудсанд нь тухайн тойргийн мандатын тоогоор дэмжсэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх зуйван дүрсийг дүүргэн будна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 8, Сонгинохайрхан дүүргийн 11-р тойрог тус бүр таван мандаттай. Тэгэхээр сонгогч саналын хуудсанд жагсааж бичсэн нам, эвслийн нэр дэвшигчдээс өөрийн дэмжсэн таван нэр дэвшигчийн нэрийн өмнөх зуйванг дүүргэн будна.
Дараа нь хоёр дахь хуудас болох УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 23 нам, хоёр эвслээс өөрийн дэмжсэн нэг л нам, эвслийн өмнөх зуйванг дүүргэн будна. Хэрэв хоёрыг будвал саналын хуудас хүчингүй болно. Буруу дугуйлснаа мэдвэл дахин нэг удаа саналын хуудас авах эрхтэй. Саналын хуудаснаас дэмжих нам, эвсэл байхгүй гэж үзвэл “цагаан сонголт” хийж, хоосон саналын хуудас уншуулж болно.