Хангайн бүс буюу 1-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан, Цэнхэр сумын иргэд, сонгогчидтой уулзлаа.
Хангайн бүсийн гурван аймаг буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангайг “Хөгжлийн алтан гурвалжин” хэмээн нэрлэж байгаа. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Дэлхийн соёлын өв болсон Орхоны хөндийд Монгол Улсын улс төр, эдийн засаг захиргааны шинэ төв Шинэ Хархорум хотыг байгуулж, дөрвэн эгнээ хурдны замаар Улаанбаатар хоттой холбогдох, олон улсын нисэх буудал байгуулах, орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолбор, рашаан сувилал, адал явдалт, түүх соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг нутгийн ард иргэд талархалтай хүлээн авч байна.
Тариат, Өндөр-Улаан, Цэнхэр сумын иргэд Хангайн бүсийн хөгжлийг түүчээлэх хүмүүсээр МАН-ын нэр дэвшигчдийг нэрлэж, багаар нь дэмжихээ илэрхийллээ.
Нэр дэвшигчид өнгөрсөн 4 жилд парламентаас хийж хэрэгжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнийг дагалдсан Эрх зүйн шинэчлэл, парламентын хяналт шалгалтын чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил болон малчдын талаар авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын талаар танилцууллаа.
Мөн парламентын шинэчлэлийн хүрээнд D-parliament, D-petition цахим платформыг нэвтрүүлсэн нь иргэдийн хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцох боломжийг бүрдүүлсэн. Үүний нэг жишээ нь 100 мянган иргэн дээрх системүүдээр дамжуулан саналаа өгснөөр Хөрөнгө оруулалтын тухай хуулиас “Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах” заалтыг хасч хүчингүй болгосныг онцлов.
Дээрх сумын иргэд Хөгжлийн банкны, Нүүрсний, Лицензийн, Ногоон автобусны гэх мэт авлига, луйврын үйлдлүүдийг УИХ-ын Хянан шалгах хороод нийтэд илчилснийг сайшааж, цаашид шударга ёсны төлөөх тэмцлээ бүрэн үр дүнд хүргэхийг хүслээ.